Монголын залуучуудын ууган хэвлэл болох “ Залуучуудын үнэн” сонины 90 жилийн ойд зориулан МЗХ-ноос эрхлэн “Монголын залуучууд” номын 6 дугаар ботийг эмхтгэн гаргаж нээлтээ хийлээ. Энэхүү ботид Монголын залуучууд, хүүхдийн хэвлэлийн тулгын чулууг тавилцаж, залуу насандаа өөрийн хүч хөдөлмөрийг харамгүй зориулж, ард түмэн, залуу үеэ гэгээрүүлэх нийтлэлийн галыг өрдөж байсан ахмад сэтгүүлч С.Жамбалдорж, Х.Батаа, Д.Нямаа, Д.Чойжил, Ж.Дашдондог, Ц.Дашдондов, Ц.Түвшинтөгс, Я.Арслан нарын бүтээл туурвил болон залуу сэтгүүлчид, идэвхтэн бичигчдийн дуртгал, дурсамж, бүтээлийн дээжис уг эмхтгэлд орсон байна. Монголын залуучууд, хүүхдийн хэвлэлийн түүхийг өгүүсэн “Монголын залуучууд ” номын 6 дугаар боть нь дотроо үндсэн 7 бүлэг, 40 гаруй зүйл, түүхэн зургийн хавсаргалт хэсгүүдээс бүрдсэн ажээ. Монголын залуучуудын холбооноос эрхлэн “Залуучуудын хөдөлгөөний түүхэн” сэдвээр гаргаж буй цуврал 12 боть номын энэхүү 6 дугаар ботийн зөвлөхөөр доктор Л.Түдэв, эмхтгэгчээр Монголын залуучуудын байгууллагын ахмад ажилтан С.Даш, Зургийн редактороор Т.Баярсайхан нар ажиллажээ. Өнөөдөр болсон уг номын нээлтэнд 1980-1990 онд “Залуучуудын Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан МУ-ийн төрийн шагналт яруу найрагч До.Нямаа, 1966-1973 онд “Залуу үе” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1978-1978 онд “Залуучуудын Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан СГЗүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, 1982-1990 онд ажиллаж байсан МУГЗ И.Ренцэнханд, 1979-1985 онд Москва дахь “Залуучуудын Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан Ц.Онон, 1981-1993 онд “Залуу зохион бүтээгч” сэтгүүлйн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан инженер, сэтгүүлч Ч.Эрдэнэчимэг, СГЗ шог зураач С.Цогтбаяр гээд үе үеийн төлөөгчид оролцож өөрсдийн дурсамж дурдатгалыг залуу үеийнхэнтэйгээ хуваалцсан юм. Түүнчлэн “Монголын залуучууд” номын 6 дугаар ботийн дээжсийг нь Улсын төв номын сан, Монголын хүүхдийн ордны ном сан болон 21 аймаг дах номын сангуудад гардуулж өгснөөрөө онцлог байлаа. Энэхүү номын дараа дараагийн ботиудыг энэ ондоо багтаан уншигч олныхоо хүртээл болгох болно хэмээн ном эмхтгэн гаргасан уран бүтээлчид ярьж байлаа. Монголын үе үеийн сэтгүүлчдийн ур ухаан шингэсэн уг бүтээл Монголын сэтгүүлзүйн хөгжлийн түүхийн нэгэн чухал гарын авлага болох нь дамжиггүй биз ээ.