logo
Америкийн Төрийн тэргүүний бие хамгаалагчид

Америкийн Төрийн тэргүүний бие хамгаалагчид

2014/06/27
Сүүлийн хэдэн жилийн турш АНУ-ын Ерөнхийлөгчийг хамгаалж буй Тусгай албаныхан өөрийн хэдэн арван тусгай ажилтныг алдаж, зарим нь шархадсан билээ. 2006 оны долоодугаар сарын Санкт Петербург хотноо болох “Их наймын” чуулга уулзалтад бэлтгэх ажил ид дундаа явагдаж байлаа. Дипломатчид бараг л ажлаа цэгцэлж дуусч буй энэ үед дэлхийн удирдагчдын амар амгалан байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн тусгай албаныхан толгойтой үснээсээ их ажилтай байв.
  
Америкийн Тусгай албаныхны хамгийн их толгойны өвчин болсон асуудал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах ажил болж байна. Тусгай албаны бүхий л түүхийн хугацаанд нэг бус удаа эвгүй явдал тохиолдож байсан. Сүүлийн үед хэд хэдэн тун эвгүй халдлага ч гарсан билээ. Саяхан Сан-Франциско Хроникл сонинд бүх дэлхийн аалзны тор болсон вэб сайтад болзошгүй нөхцөл байдалд хэрхэн ажиллагаа явуулах цэргийн онгоцнуудын багийнханд зориулсан заавар зөвлөгөө нийтлэсэн байсныг олж илрүүлсэн байна. Тэрхүү баримт бичигт маш нууц зэрэглэлийн нууцлал бүхий хоёр Ерөнхийлөгчийн Boeing-747 онгоцны дотоод төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдаж байсан бөгөөд тэдгээр онгоц нь Air Force One нэрийн дор цэргийн нисэх хүчний бүрэлдэхүүнд багтдаг ажээ.
  
Үүнээс гадна Тусгай албаны ажилтнуудын хөлгийн доторх байршлын бүдүүвч, мөн Ерөнхийлөгчийн онгоцыг пуужингаас хамгаалах тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсан аж. Энэхүү зааварчилгаа нь чадалтай алан хядагчдын хувьд тун сайхан гарын авлага болж мэдэхээр байв. Ухамсартай сэтгүүлчид Агаарын нисэх хүчний командлал болон  АНУ-ын Тусгай албаныханд энэ талаар мэдээлсэн боловч бараг долоо хоногийн дараа л тэрхүү мэдээлэл интернетээс устгасан байна.
 
“Их наймын” уулзалтын өмнө гарсан энэхүү мэдээлэл нь Америкийн бие хамгаалагчдын хувьд ихээхэн эвгүй асуудал болж хувираад байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч нарын амь насанд халдах гэсэн оролдлого гол төлөв тус улсын нутаг дэвсгэр дээр тохиож байсан хэдий ч төрийн тэргүүний аюулгүй байдлыг гадаад айлчлалын үеэр хангах асуудал эдүгээ хамгийн хүнд асуудлын нэг болж байгаа хэмээн Тусгай албаныхан үзэж байна.
  
Ерөнхийлөгчийн гадаадад айлчлалд бэлтгэх ажил эхэлсэн даруйд айлчлалын хөтөлбөрийг Цагаан ордонд авч хэлэлцдэг бөгөөд Тусгай албаны ажилтнууд ирж болох заналхийллийн төлөвлөгөөг боловсруулдаг ажээ. Ерөнхийлөгчийн бүх үйл хөдлөлийг нэг нэгэнгүй тооцож тагнуулчдын өгсөн мэдээллийн дагуу бүхий л төлөвлөгөөг нарийвчлан боловсруулдаг ажээ. Тусгай албадынхны хэзээ ч өөрчилдөггүй тогтсон заншил гэж бий. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч гадаад айлчлал хийх үедээ тухайн улсын төрийн орд харшид биш харин зочид буудалд буудалладаг юм. Ерөнхийдөө зочид буудлын нэг жигүүрийг тэр чигээр нь түрээслэж, хамгаалалтад авдаг бөгөөд онцгой тохиолдолд нүүлгэн шилжүүлэх бүхий л хувилбарыг тооцдог ажээ.
  
Тусгай албаны хэсэг ажилтнууд Ерөнхийлөгчийн явах чиглэлээр урьд өмнө нь тандалт хийдэг байна. Эцэст нь Ерөнхийлөгч өөрөө ирэх үед түүнийг ойролцоогоор арав орчим машин хамгаалж явдаг. Тэдний дунд сум нэвтэрдэггүй Ерөнхийлөгчийн лимүзин, хоёроос гурван яг тийм загварын нөөц машин, түргэн тусламжийн машин, холбооны машин зэрэг ч мөн багтдаг ажээ.
  
Жорж Буш гэхэд газраар явахдаа сум нэвтэрдэггүй тусгай загварын Cadillac DeVille загварын машин унадаг байв. Гранат шидэгчийн сум машиныг оноход хамгаалалт нь түүнийг тэсвэрлэх чадалтай аж. Үүнээс гадна шатахууны сав нь хөөс агуулдаг тул шатахаас хамгаалдаг аж. Дугуйны хаймар гэхэд бууны суманд сийчигдсэн ч гэсэн маш хурдтай явах боломжийг хангасан байдаг. Цонхны шил нь үл буухаас гадна машин зөвхөн дотроосоо онгойдог байна. Машин дотор зэвсгээс гадна шаардлагатай үед Ерөнхийлөгчид сэлбэж болохуйц хэмжээний донорын цусны нөөц байдаг ажээ. Ерөнхийлөгчийн аялалд шууд утгаараа бүхий л түүний баг болох ойролцоогоор 250 зэвсэглэсэн тусгай ажилтнууд, 10 орчим зөвлөх, тусгайлан бэлтгэгдсэн нохойтой хэд хэдэн бүлэг дагалдан явдаг байна. Цагаан ордны тогоочид ч мөн Ерөнхийлөгчийн хүрээллийн чухал хэсэгт багтдаг аж.
  
Цагаан ордон Ерөнхийлөгчийн хамт аялах үед түүний явж буй машинаас эхлээд түүний ууж буй ус, идэж буй хоол, шатахуун зэргийг бүгдийг нь өөрсдөө авч явдаг гэж тусгай ажилтан асан Жон Барлетт өгүүлж байна. Жишээлбэл, Ялалтын 60 жилийн ойг тохиолдуулан Кремльд хийсэн хүлээн авалтын үеэр Жорж Буш Тусгай албаны ажилтны авчирч өгч байсан кока-колаг ууж байв. Жорж Бушийн хувьд тэрбээр тусгай албаны боловсруулсан журмыг чандлан баримталж өөрийн хамгаалагч нарын сэтгэл санааг тавгүйтүүлдэггүй байсан бол түүний өмнөх Ерөнхийлөгч болох Билл Клинтон ард түмний дунд орж явах дуртай байснаас болж бие хамгаалагчид нь бөөн зовлон болдог байжээ.
  
2000 онд Азийн орнуудаар хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны тойрон аялал гадаад айлчлалуудаас хамгийн үнэтэйд тооцогдож байв. Энэ үеэр хэдэн арван байлдааны нисэх онгоц, мөн алан хядагчдын хувьд хоосон байны үүрэг гүйцэтгэж байсан нэмэлт Боинг онгоц зэрэг дагалдаж явсан юм. Үүнээс гадна 2003 оны 11-р сард Их Британид хийсэн Жорж Бушийн айлчлалын үеэр түүний аюулгүй байдлыг хангахын тулд үлэмж хэмжээний мөнгө зарцуулж байжээ. Тэр ч бүү хэл АНУ-ын Тусгай албаныхан Бушийн байрлах учиртай байсан Букингемийн ордны нэг жигүүрийг сэргээн засварлахыг шаардаж жирийн цонхыг нь сум нэвтэрдэггүй болгож, ханыг нь улам бат бөх болгохыг шаардаж байсан гэдэг.
  
Энэ бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг үл харгалзан Бушийг Их Британид айлчлал хийх үеэр тэндхийн нэгэн сонины газрынхан хуурамч баримт бичиг ашиглан хатан хааны ордонд өөрийн сурвалжлагчийг ажилтнаар оруулсан бөгөөд тэрбээр Жорж Бушд тун их ойртож чадсан билээ.

2003 оны долоодугаар сард Өмнөд Африкийн нэгэн иргэн Африкийн улс орнуудаар тойрон аялал хийж байсан Бушийг дагалдаж байсан онгоцон дотор орж амжсан байдаг. Гэвч Тусгай албаныхан Жорж Бушийн буудаллах учиртай байсан Уганда дахь зочид буудлын хэсэг рүү орохоор завдах үед нь тэрхүү “туулайг” барьж авсан билээ. Зөвхөн 2003 онд л гэхэд АНУ-ын Тусгай албаныхан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, шархадсан 34 хүн байгаа талаар мэдээлж байв. Гэхдээ эдгээр хэргийн нарийвчилсан эд зүйлийг нууцалсан юм. Жорж Бушийг Ерөнхийлөгч байх үедээ Цагаан ордноос нисдэг тэрэг хөлөглөн нисэх гэж байсан нислэгийг холбооны төхөөрөмжид бага зэргийг гэмтэл гарсан шалтгаанаар хойшлуулж байсан юм. Бушийг Пакистанд айлчлах үеэр Тусгай албаныхан Исламабад хотын ойролцоох нисэх онгоцны буудлыг хүчлэн хамгаалсныг үл тооцон хоёр дахь Air Force One -ыг тэнд биш харин 100 км-ын цаадах Энэтхэг улсад шөнийг өнгөрөөхийг зөвлөсөн байна.
  
2004 оны 11-р сард Чили улсад Бушийг айлчлах үеэр тэр Чилийн Аюулгүй албаны офицеруудтай муудалцахад хүрчээ. Учир нь Америкийн Ерөнхийлөгч Дэлхийн удирдагчдаас цор ганцаараа ойр тойрондоо үргэлж өөрийн хамгаалагч нарыг харж байхыг хүсдэг байна. Энэ асуудлаарх тохиролцоог гадаадын улс орнуудтай хийсээр ирсэн аж. Чилийн хувьд зөвшилцөж болохгүй байсны учир гэвэл тухайн улсад айлчилсан гадаадын ямар ч гийчин биедээ буу зэвсэг авч яваа тохиолдолд Чилийн Ерөнхийлөгчийн байгаа тасалгаа руу орох боломжгүй байдаг ажээ.
  
Харин Жорж Бушийг оройн зоог барьж байсан танхим руу орж ирэх үед Чилийн офицерууд Америкийн Ерөнхийлөгчөөс түүний хамгаалагчийг тусгаарласан байна. Энэ үеэр Буш эргэн харж, тэндхийн хамгаалалтын албаны ажилтны толгой дээгүүр гараа явуулж, бие хамгаалагчийнхаа пиджакны энгэрээс өөр рүүгээ татсан байна. Энэ хэний гар болохыг чиличүүд харуутаа бие хамгаалагчид нь зам тавьж өгсөн түүхтэй аж. Энэхүү туршлага дээр үндэслэн Орос болон АНУ-ын Тусгай албад иймэрхүү тохиолдол “Их наймын” уулзалтын үеэр гарахгүй байх талаар тохиролцоонд хүрч чадах биз ээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш