logo
Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2014/06/30

Монгол Улсын Засгийн газрын  2014 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн ээлжит XXXII хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  
 

  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Франц Вальтер Штайнмайерийн 2014 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
  • Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдөд Испанийн Вант Улсад, мөн сарын 3-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад тус тус хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
  • Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгов.
  •   “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  • “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн үзэл баримтлалын төсөл, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтов.
  • “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт проткол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш