logo
Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барина

Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барина

2014/06/30
Монгол Улсын Засгийн газрын  2014 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн ээлжит XXXII хуралдаанаар  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт, тусгай шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьдаг. УИХ чуулганы дэгийн тухай хуулийн 25.9 дүгээр зүйлийн дагуу өргөн барьсан хуулийн төсөл, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны зүгээс зардлыг нэмэгдүүлэх саналуудыг гаргадаг бөгөөд энэ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлага ихээр нэмэгдэх, нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барихын тулд төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэн батлах тохиолдол гарч байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ төсвийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөхгүй бөгөөд ингэснээр төсвийн зарлагын тэлэлттэй уялдуулан төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх явдал үгүй болж, төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасах болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш