logo
Сайтуудын эрхлэгч нарын төлөөлөлтэй уулзав

Сайтуудын эрхлэгч нарын төлөөлөлтэй уулзав

2014/07/01
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг сайтуудын эрхлэгч нарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Иргэний танхимд өнөөдөр / 2014.06.30 / зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан нэр бүхий долоон гишүүнтэй ажлын хэсэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж байгаа билээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хуулийн төсөлд орсон гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулаад хэлэлцүүлэгт оролцогчдын үгийг сонсож, харилцан санал солилцов. Тэрээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, хариуцлагтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгааг онцлоод хараат бус байдал, хөрөнгө оруулагчид, хариуцлага, ёс зүйн талаар орсон заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэний сэтгүүл зүйг энэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа, хуулийн төслийн 10-р зүйлд бичигдсэн хэвлэлийн зөвлөлийг хэрхэн байгуулах, бүрэлдэхүүнд хэнийг оролцуулах, зөвлөлийг байгуулсан тохиолдолд санхүүжилтыг ямар хэлбэрээр шийдэх гээд олон чухал саналуудыг хэлж байлаа. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагатай өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах гэрээ байгуулах, үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл нийтлэх шаардлага тавихыг хориглох гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Төрийн байгууллагуудтай гэрээ байгуулахгүй ажиллах боломж байдаггүй. Гэтэл энэ хуулиар гэрээ байгуулахыг хориглосон байгаа нь бусад хуультай уялдаа холбоогүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан салбарынхаа зовлон жаргалыг мэддэг хүмүүсийн хувьд та бүхний санал хамгийн чухал гэдгийг хэлээд энэ хуулийн төсөл дээр бүтээлчээр хамтран ажиллахыг хүслээ. Хэлэлцүүлэгт Монголын сайтын холбоо, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци болон бусад сайтуудын удирдлагууд оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш