logo
“Нээлттэй шүүх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Нээлттэй шүүх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014/07/03

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан шүүх засаглалын мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, "Шүүхийн тухай" багц хууль болон Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээллэх зорилгоор “Нээлттэй шүүх” сэдэвт хэлэлцүүлгийг  өнөөдөр /2014.07.02/ зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж  30 гаруй сэтгүүлч хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлэгт Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Сайнбилэг, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, Шүүхийн мэргэжлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул болон Хууль зүйн ухааны доктор, профессорууд оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, хэлэлцүүлгийн үеэр шүүхийн шийдвэрээс улбаатай шүүх байгууллага, олон нийтийн хоорондох үл ойлголцол, харилцааны  зөрүүтэй явдлыг арилгах гол хүчин зүйл бол сэтгүүлчид гэдгийг онцлоод цаашид мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх олон ажил хийгдэх тухай дуулгалаа.

Мөн тэрээр олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой  “Шүүх ба олон нийт” хөтөлбөр тун удахгүй батлагдаж энэ хүрээнд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажил эхэлнэ. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн болоод их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шүүх эрх мэдлийн хичээлийг нэмж оруулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл анхаарч ажиллаж байгаа талаар хэлэв  хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш