Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдлаа. Хуралдааны эхэнд Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дараалал ёсоор Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтсүүд дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Оюутан, сурагчдын хонхны баяр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд олноор тохиосон үед холбогдох хэлтсүүд чиг үүргийн дагуу сайн ажиллажээ. Тухайлбал, Цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэмжээ өмнөх 14 хоногоос 37 хувиар буурсан байна. Мөн урин дулаан цаг ирж иргэд зусландаа гарч байгаа тул цахилгаан эрчим хүчний доголдол гаргахгүй байх, хөрсний бохирдол, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэх ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Зуслангийн бүсэд 300 оюутан, түр ажлын байраар хангагдаж байгаа 20 иргэн, дүүргийн 15, 19, 20 дугаар хороодын Засаг даргын ажлын алба хамтран их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Нийтийн эзэмшлийн хогийн цэг, бохирдсон хөрс, далан гуу, жалганы 38050 мкв талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийхээр зохион байгуулалтын ажлууд хийгдэж байгаа тухай мэдээллээ.