logo
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наадам боллоо

Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наадам боллоо

2015/07/11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол - 2015” наадмыг 9 дахь жилдээ  Чингисийн талбайд зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна гадаадын иргэд үндэсний дээл хувцсаар гоёж оролцов.

Тус наадамд нийслэлийн зургаан дүүрэг, найман байгууллагын хамт олон парад алхаж, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг танилцууллаа. “Дээлтэй Монгол - 2015” наадамд "Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг", "Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага", "Үндэсний хувцастай шилдэг хос", "Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч" -ийг тус тус шалгаруулж, гарын бэлэг гардуулав. Уг наадамд идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон шилдэг дүүргээр Сүхбаатар, аж ахуйн нэгжээр “Монос” групп шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш