logo
Авто замын ажлын гэрээг дуусгавар болгов

Авто замын ажлын гэрээг дуусгавар болгов

2014/07/03

Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXVI хуралдаан  2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж дараах дараах асуудлыг хэлэлцэв.  Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгах боломжгүй болсон тул “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг авто замын барилгын ажлыг техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгав. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын  ажил  гүйцэтгэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулан замын барилгын ажлыг эхлүүлсэн.

Замын барилгын ажлын төсөвт өртөг нь 38,2 тэрбум төгрөг бөгөөд Гүйцэтгэгч гэрээний 3 дугаар заалтын дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор авто замын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах ёстой байсан. Тус замын барилгын талбайд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 86,1%, далан 58,5%, хөлдөлтөөс хамгаалах үе 29,6%, суурь 1,7%,  хучилт 16,5%, гүүр 40%, хиймэл байгууламжийн ажил 47% хийгдэж барилгын ажлын явц 50,1%-тай байна. Одоогийн байдлаар замын барилгын ажлын талбайд нэг ч хүн байхгүй, 64 машин механизм, тоног төхөөрөмж байна. “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэл нь Хөгжлийн банкнаас 17.3 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш