logo
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: Товлосон хугацаандаа вакцинаа хийлгээгүйн улмаас хүүхдийн дархлаа суларч, халдвар авах эрсдлийг нэмдэг

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: Товлосон хугацаандаа вакцинаа хийлгээгүйн улмаас хүүхдийн дархлаа суларч, халдвар авах эрсдлийг нэмдэг

2014/07/07
Дархлаажуулалт гэхээр хүн бүрт танил сонсогддог хэрнээ түүний нарийн учир, ач холбогдлыг бид төдийлөн мэддэггүй. Учир  нь амнаас ам дамжсан яриагаар л мэдээллийг түгээж, мэргэжлийн эмчнээс заавар зөвлөгөө авах нь тун ховор байдаг. Тиймээс бид  мэргэжлийн эмчтэй уулзаж энэ талаар тодорхой мэдээлэл авснаа уншигч тантай хуваалцаж байна. Мөн уншигч танд дархлаажуулалтын талаар мэдэхийг хүссэн асуулт байвал ЭНЭ хаягаар асуултаа илгээж болох бөгөөд таны асуултанд мэргэжлийн эмч зөвлөгөө өгөх болно. Ингээд энэ сарын 26-27 өдрүүдэд болох зөвлөгөөний тухай болон хүүхдийг дархлаажуулалтын вакцинд хамруулах, эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн нөхцөлд хэрхэн дархлаажуулж, эрүүлжүүлж болох талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.

- Тун удахгүй дархлаажуулалтын 10 хоног эхлэх гэж байна. Энэхүү аяны гол зорилго юу вэ?
- Монгол Улс  1993 оноос жилд 2 удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар  хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг. Энэ аяныг жилд 2 удаа 5 дугаар сар болон 10 саруудад зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 5 сард зохион байгуулагдах байсан дархлаажуулалтын 10 хоног 6 сард болж байна. Учир  нь энэ сарын 26, 27-нд “Улаанбурхангүй Монгол” Дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаатай уялдуулан хугацаанд нь түр өөрчлөлт оруулсан.

- Энэ удаагийн дархлаажуулалтыг аян нэлээн өргөн цар хүрээг хамарч байгаа гэж сонссон. Энэ зөвлөгөөнөөр ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ? Энэ жилийн онцлог юу вэ?
- Энэ жил Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны 4 орны нэг болоод байна. Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөний  үеэр Монгол Улс “Улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах батламж”-ийг  хүлээж авах ёслол болж байгаа. Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал, Номхон далайн баруун эргийн бүсийн Дархлаажуулалтын багийн ахлагч болон бусад төлөөлөгчид ирж оролцож байгаа. Үндэсний зөвлөгөөнд  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг оролцож батламжийг хүлээн авах бөгөөд энэ нь бидний ажлын амжилтыг үнэлж байгаа томоохон  ажил юм. Үүний зэрэгцээ Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөр  дархлаажуулалтын үр дүн, ололт амжилтаа хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний чиглэлийг гаргана. Энэ зөвлөгөөнд ЭМЯ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж оролцож байна. Мөн ЖАЙКА олон улсын байгууллага, аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй төлөөлөгчид оролцоно. 

- Дархлаажуулалтын ач холбогдол нь юу вэ? Хүн бүр дархлаажуулалт гээд ярьдаг хэдий түүний ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй байх шиг  санагддаг?
- Дархлаажуулалт нь вакцинаар сэргийлэгдэж болох халдварт өвчнөөс хамгаалах гол аргын нэг юм. Тухайлбал 1930-аад оны үед Цагаан цэцэг гэж өвчин байсан. Энэ өвчин бол дэлхий дээр олон хүний амийг авч одсон аюулт өвчин шүү дээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийгдснээр жилд 900 гаруй мянган хүн  цоохор нүүртэй явахаас сэргийлж, мөн тооны хүмүүсийг уг өвчнөөс хамгаалж чадсан. 1940 он гэхэд энэ аюулт өвчин дэлхий дээр устгагдсан байгаа. Учир нь вакцинаар урьдчилан сэргийлснээр аюулт тахлаас ангирч чадсан хэрэг л дээ. Тэгэхээр дархлаажуулалт гэдэг энэ мэтчилэн амь насанд халгаатай, тахир дутуу болгодог аюулт өвчлөлүүдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгооор хийгддэг. Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварт өвчний тархалтыг хязгаарлаж байдаг чухал аргуудын нэг.

- Сүүлийн үед иргэдийн дунд хүүхдэдээ вакцин хийлгэсний улмаас сөрөг үр дагавар илэрч, янз бүрийн өвчин, эмгэгтэй болж байна гэсэн яриа гарах боллоо. Үүнд та ямар  тайлбар өгөх вэ? Вакцин хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлж өвчин эмгэг үүсгээд байна уу?
- Сөрөг үр дагавар гэхээсээ илүү вакцины дараах урвал гэж байдаг юм. Вакцин гэдэг өөрөө амьд үүсгэгчийг нь бага зэрэг сулруулчихсан, тун бага хэмжээтэйгээр тухайн хүүхдэд хийж байгаа.  Вакцин хийлгэсний дараа  хөнгөн  хэлбэрийн хариу урвал үзүүлдэг. Тухайлбал, халуурах, хавдаж улайх, хөндүүрлэх нь вакцин хийгэсний дараа илэрч болох хөнгөн урвалууд юм. Ерөнхийдөө вакцины дараа үзүүлж буй урвалыг бол 2 хэсэгт авч үздэг. Нэгдүгээрт ерөнхий биеийн хариу урвал буюу халуурах бие тавгүйтэх, хүүхэд бол уйлагнах гэх мэтчилэн шинж тэмдэгүүд илэрдэг. 2 дугаарт нь вакцин хийлгэсэн хэсэг газрын урвал гэж байна. Энэ нь бол  вакцин хийлгэсэн хэсэг газар хавдах, улайх гэсэн шинж тэмдэгүүд илэрч байгаа юм. эдгээр нь өөрөө аяндаа алга болдог.  Тэгэхээр эцэг эхчүүд энэ тал дээр мэдлэггүй, тэр талын мэдээлэлгүйгээсээ болоод буруу арга хэмжээ  авснаар вакцины дараах сөрөг үзэгдэл гэдэг юм руу ойртуулаад байгаа юм. Тухайлбал эцэг эхчүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ дааруулах, анхаарал халамж бага тавьсны улмаас хүүхдийг халуурахад халуун бууруулах  арга хэмжээ авахгүй байх, тарьсан хэсэг газарт бохир оруулах зэргээс болж хүндрэл үүсгэдэг.  Тиймээс вакцин хийлгэсний дараа хүүхдэд анхаарал халамж тавих нь их чухал юм. 

- Вакцин хийлгэсний дараагаар сөрөг урвал илэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд  авах арга хэмжээ, эмчилгээг эцэг эхчүүд хэрхэн хийх ёстой вэ?
- Эцэг эхчүүд  хүүхдэдээ маш сайн  анхаарал тавих  ёстой. Хэрэв хүүхэд халуурвал халууныг хэмжиж хүүхдийн насны онцлогт тохирсон тунгаар нь халуун бууруулах эм уулгах, вакцин тарьсан хэсэг газарт бохир оруулахгүй байх шаардлагатай.  Хавдсан хэсэг газар нь жин тавих гэх мэт арга хэмжээ авахад аяндаа алга болно.

- Вакцинд хамрагдах ёстой тодорхой хугацаа заагаад өгсөн байтал товлосон хугацаанаас хойш вакцин хийлгэх хандлага их ажиглагддаг. Тэгвэл вакциныг хугацаанд нь хийлгэсэн, хожуу хийлгэсэн 2 ялгаа гардаг уу?

- Засгийн газрын тогтоолоор заавал хийх үндэсний товлолыг баталгаажуулдаг.  Тэгэхээр товлолыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэж тогтоодог. Тогтоосон хугацаанд вакццинаа хийлгэх нь тухайн халдварт өвчний эсрэг дархлал хугацаандаа тогтох боломжтой гэсэн үг. Ингэж цаг тухай бүрт вакцинжуулалт хийгдснээр дархлаа бүрэн тогтож халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэсэн үг. Товлосон хугацаандаа вакцинаа хийлгээгүйн улмаас хүүхдийн дархлаа нь суларч халдвар авах эрсдлийг нэмнэ.

- Нэг хүүхдэд хэдэн төрлийн ямар вакцин хийдэг юм бэ?
- 0-15 нас хүртлээ  7 төрлийн вакцин хийлгэх ёстой байдаг. Үүнээс 2 нас хүртлээ ихэнх вакцинийг хийлгэсэн байх ёстой. Хүүхдийг төрсний дараа  24 цагийн дотор халдварт саа, сүрьеэ, В гепатитын эсрэг вакциныг хамгийн түрүүнд хийдэг. Өрхийн эмнэлгээр дамжаад вакцин хийдэг төвүүд дээр халдварт саагийн 3 удаагийн тун,  тавт вакцины 3 удаагийн тун хийлгэдэг. Нэг нас хоёр сартайд нь гепатит А буюу бохир гарын шараас сэргийлсэн вакцины нэгдүгээр тунг хийдэг. Хоёр настайд нь есөн сар, нэг нас хоёр сартайд нь авсан вакцинуудынхаа давтан тунгуудыг авна. Сахуу татрангийн эсрэг вакцины давтан тунг 7, 15 настайд нь хийдэг.

Ер нь товлолоор хийлгэхээс гадна улсаас үнэ төлбөргүй заавал хийлгэх ёстой вакцин гэж байна. Нөгөөтэйгүүр нэмэлтээр хийдэг вакцинууд байгаа. Манай улсын хэмжээнд тав, аравдугаар сард 10 хоногоор явагддаг. Үүнээс гадна сайн дурын дархлаажуулалт хийж байна. Үүнийг ХӨСҮТ-д хийдэг. Хүмүүс өөрсдөө төлбөр төлж хийлгэдэг вакцинууд байна. Мөн тухайн цаг үетэйгээ холбоотой хийдэг вакцин бий болсон. Тухайлбал, хэдэн жилийн өмнө N1H1 –ийн өвчлөл бүртгэгдэхэд томуугийн эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүн амд тухайлабал их сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулсан.

- Дархлаажуулалтын үйл ажиллагааны цаашдынхаа зорилго чиглэлийг хэрхэн тодорхойлж байна вэ?

- Дархлаажуулалтын үйл ажиллагаа бол ДЭМБ, Номхон далайн баруун эргийн бүс, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж төлөвлөгөөтэй уялдаж явагддаг. Тэгэхээр бид цаашдаа улаан бурхан өвчнийг устгасан амжилттай байгаагаа бататган авч явах хэрэгтэй. Тиймээс бид тандалтыг сайжруулах, хүүхэд бүрийг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинд тогтмол хамруулах ёстой. Энэ нь дан ганц бидний ажил биш. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо ч маш чухал. Тиймээс эцэг эхчүүд маань үр хүүхдээ  цаг хугацаанд нь товлосон вакцинжуулалтанд нь заавал хамруулах хэрэгтэй гэж хэлмээр байна.

- Шинээр оруулж ирж байгаа вакцинууд бий юу?
- Бид нар  шинэ вакцинуудыг өнгөрсөн хугацаанд олныг нэвтрүүлсэн байгаа.  Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакцин,  А вируст гепатит, тавт вакцин буюу таван өвчний эсрэг вакциныг 2005 оноос эхлэн нэвтрүүлээд байна. Цаашид нэвтрүүлэхээр төлөвлөсөн вакцин бол уушигны хатгалгаа буюу пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлэхээр судалгаа, тандалт хийгдээд явж байна.

- Энэхүү вакциныг оруулж ирсний ач холбогдол юундаа орших вэ?

- Энэ вакцин манайд нэвтэрснээр 0-5 насны  хүүхдийн дундах уушгины хатгалгаа өвчнөөр нас барах, өвчлөх эрсдлийг бууруулна. Амьсгалын замын өвчин тэр дундаа уушигны хатгалгаа нь 0-5 насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Энэ вакциныг нэвтрүүлснээр өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш