Тус түүвэрт Б.Бүрэнбилэг, Г.Дарьням, Н.Идши /Идо/, П.Надалсүрэн, А.Содхүү, Л.Таванбаяр, Н.Төвшинзаяа нарын 7 хайкучийн 250 гаруй хайку багтсан байна.
Шинэ ном бүтээхэд редактор АНУ-ын яруу найрагч, хайкун мастер Эд Бремсон, орчуулагч Н.Төвшинзаяа, дизайнер Н.Идши /Идо/, уран бичээч Ц.Тамир, фото урлаач Б.Ариунболд нарын уран бүтээлч ажилласан байна.
Энэ номд Монголын яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг, АНУ-ын яруу найрагч Санди Прей, Израйлийн яруу найрагч Рита Одех, Японы яруу найрагч Таро Айзу, Японы яруу найрагч Хидей Сузуки нар мялаалга үг бичсэн нь манай хайкучдын түүвэр олон улсад үнэлэгдэх томоохон бүтээл болсныг илтгэж байна.
Монгол, англи хос хэлээр хэвлэгдсэн энэ түүвэр яруу найраг, хайку сонирхогчдод төдийгүй судлаачид, орчуулагчид, утга зохиолын багш нар, оюутнууд, сурагчид болон хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд үнэ цэнэтэй гарын авлага юм.
Үүнээс гадна “Мэдрэхүйн байгаль” хос хэл дээрх түүврийг АНУ-ын “Мижикай пресс” хэвлэлийн газар дагнасан англи хэлээр хэвлэн гаргасан бөгөөд энэ нь цахим ном хэлбэрээр amazon.com сайтад худалдаалагдаж эхэлжээ.
Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Мэдрэхүйн байгаль” түүврийн АНУ-д хэвлэгдсэн хувилбарт Монгол орны зан заншил, соёл, уламжлалтай холбоотой үг хэллэгийн нэр томъёоны тайлбарыг хавсаргасан байна.
“Мэдрэхүйн байгаль” хайкун түүвэр нь хайкун урлагийн дэг жаяг, мөн чанар, үнэт зүйлс, Зэн буддизмын үндсэн ухагдахуунуудыг шингээсэн, бясалгал төвлөрөлд суурилан туурвисан хайкун урлагийн чанартай бүтээл юм.
"Хязгаараас цааш" бүлгэмийн анхны бүтээл "Цагаахан нам гүм" хайку шүлгийн түүвэр 2011 онд хэвлэгдэж байсан бол хоёрдох бүтээл "Мэдрэхүйн байгаль" хайку шүлгийн түүвэр Англи, Монгол хос хэл дээрх хэвлэл 2014 онд хэвлүүлж байжээ.