logo
Монгол-Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн зөвлөлдөх уулзалт болов

2014/07/23
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 19 – 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг  дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлов.

Турк Улсад бэлтгэх боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, цэргийн эдийн засгийг сайжруулах, цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгааг хошууч генерал З.Болдбаатар дурдаад Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн мэндчилгээг уламжлав. Манай улсын батлан хамгаалах салбарын 150 гаруй алба хаагч Туркт боловсрол эзэмшсэнээс 2 нь генерал цолонд хүрч, амжилттай ажиллаж байгааг мэдэгдэв.

Туркийн БХЯ-ны Техник технологи, төлөвлөлтийн газрын орлогч дарга, бригадын генерал Мустафа Авжы манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой ярьж танилцуулав. Мөн Туркийн Батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг компаниудын танилцуулга, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийгдэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш