Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон Улсад хийж буй ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN-тай хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ удаагийн форум өргөн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс түүхийн маш онцгой үед ямагт Япон улстай харьцаж байсан. Тухайлбал, Хубилай хаан Монголын эзэнт их Юань гүрнийг үүсгэн байгуулж байхдаа Японы эзэн хаанд хандан захидал илгээж байсан, 1911 онд Их Богд Жавзандамба Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Япон руу элч илгээж байсан, 1990 оны эхээр Монгол Улс социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих эгзэгтэй, хүнд үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар Монгол Улсад бүр талын тусалцаа, дэмжлэг хүсэн захидал илгээж байсан. Энэ бол Монгол, Японы ард түмэн найрсаг харилцаа тогтоохыг үргэлжид эрмэлзэж ирсэний тод илэрхийлэл юм.
Япон Улс Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд зөвхөн өөрөө Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүс нутгийн бусад улс орон, Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагуудаар Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсыг эгнээндээ нэгтгэх ямагт дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлье гээд “Хүний тусыг бүү март гэж монголчууд ярьдаг. Та бүхний тусыг монголчууд бид хэзээ ч мартахгүй. Япончуудын дэмжлэгт нэг онцлог бий. Энэ бол Японы тусламж, дэмжлэг ямагт нүдээ олсон дэмжлэг байсан. Монголын цахилгаан станцууд зогсч улс орон хөлдөх аюул нүүрлээд байсан хүнд үед, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед чухамхүү япончууд ч тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг.
Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна.Одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ.Японы жирийн иргэдийн төлсөн татварын мөнгө Монголын ард түмэн хэцүү хүнд цагийг даван туулж, Монголын хөгжилд маш чухал дэмжлэг болсон. 1990-ээд онд дөнгөж төрсөн унага шиг Монгол өнөөдөр бие жагссан агт болжээ. Сүүлийн 10 жилд Монголын ДНБ хэд дахин өслөө. Эдийн засгийн гол түшиг тулгуур болсон хувийн хэвшил маань хөл дээрээ зогслоо.Одоо хувийн хэвшилдээ түшиглэн хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг ирлээ.Тийм ч учраас өнөөдөр энд бид энэ уулзалтыг хийж байна” хэмээн хэллээ.
Хэдийгээр Монгол-Япон улсын харилцаа тасралтгүй хөгжиж ирсэн ч цөөн хэдэн компани, салбарын хүрээнээс халихгүй байгаа юм. Хоёр улсын хоорондын худалдаа эргэлт бага, ердөө 100 сая ам.доллараар хэмжигдэж, Японы шууд хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт хүрэхгүй байгаа нь хангалтгүй байгаа юм. Хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах цаг нь болсоныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын парламентын танхимд хэлсэн үгэндээ “цаг нь боллоо, одоо сэрцгээе” хэмээн илэрхийлж байсан. “Би одоо энэ үгийг дахин хэлмээр байна. Үнэхээр энэ үгийг ажил хэрэг болгох боломж ч бүрдлээ. Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирлоо. Энэ шийдвэрийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд өнөөдөр орой Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе бид хоёр гарын үсэг зурах гэж байгаагаа мэдэгдэхэд таатай байна” хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.
Монгол Улс энэхүү хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг дөрвөн жилийн турш хийсний эцэст ийнхүү хоёр тал харилцан тохиролцож чадлаа. Ингэснээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Хоёр улсын эдийн засгийн харилцааны дүр зураг эрс шинэчлэгдэн өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал боллоо.
“Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд хоёр орны хувийн хэвшилдээ хоёр улсын Засгийн газар хамтарч дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэрт хүрлээ. Монгол бол онцгой байрлалтай орон. Хамгийн том газар нутагтай хамгийн их хүн амтай дэлхийн хоёр гүрэнтэй бид хиллэж байна. Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзэл давхцаж байгаа ” гэлээ.