logo
Алжирийн иргэний тээврийн онгоц осолджээ

Алжирийн иргэний тээврийн онгоц осолджээ

2014/07/25
2014 он гарсаар олон зуун хүний амь насанд хүрсэн хэд хэдэн  ноцтой осол гарсны дийлэнх нь нисэх онгоцных байгаа нь олон нийтийн сэтгэлийг илтэд түгшээж эхэллээ.  Тухайлбал, Малайзын хоёр Боинг 777 онгоц сүйрч, Тайванийн орон нутгийн онгоц осолдсон. 

Гэтэл өчигдөр орой Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан 116 зорчигч бүхий "Air Algerie" агаарын тээврийн компанийн "Airbus A320"  онгоц  Буркина Фасогийн хилээс 50 км зайд сүйрсэн байна.

Сүйрсэн онгоцонд Францийн 50,  Буркина Фасогийн 24, Ливаны 8, Алжирын 4, Люксембургийн 2, Бельги, Швед, Нигер, Камерун, Украйн, Румыний тус тус нэг зорчигч байсан талаар "Algerie Press Service" мэдээлжээ. Тус онгоц Испанийнх бөгөөд Алжирын үндэсний агаарын тээвэр онгоцыг түрээслэдэг байжээ. Испани улсын зарим эх сурвалжаас мэдэгдсэнээр, онгоцны хоёр нисгэгч болон багийн дөрвөн гишүүн Испани улсын иргэн байсан аж. 

Тус онгоцонд байсан зорчигчдын ихэнх нь Францын иргэд байсантай холбогдуулан Францийн Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, энэ хэргийг мөрдөн шалгах баг байгуулсан талаар Францийн үндэсний тээврийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Фредерик Кювилье мэдэгдсэн байна.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан Алжир улсад онц байдал зарлаж, онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах шуурхай баг гаргажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш