logo
Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулна

Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулна

2014/07/25
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүрэг,  Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах,  Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Тэрээр, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, ХУД-ийн 13-р хороо  Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/-д үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан. Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна гэж онцоллоо.  Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжаар ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийн зориулалтаар 50 га, цэвэр усны байгууламжийн зориулалтаар 3 га, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт суурьшлын  зориулалтаар 3.5 га газрыг  олгосон байдаг байна.

Мөн нийслэлийн Засаг даргын  2014 оны захирамжаар энэхүү үйлдвэр технологийн паркийн газрын хэмжээг 56.6 га-гаас 214 га болгон нэмэгдүүлж, гэрчилгээ олгожээ. Үйлдвэр технологийн парк байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн төсвөөр “Идеал групп” ХХК-иар хийлгэж,  дэд бүтцийн ажлын зургийг “Инж байгууламж” ХХК -иар тус тус гүйцэтгүүлсэн байна. Шинэ суурьшлийн бүсэд байгуулах үйлдвэр технологийн парк нь суурьшлийн бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу  үйлдвэр, агуулахтай байхаар төлөвлөж байна. Мөн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудаас тус паркийн цогцолбор бүрдэх юм байна.  Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд эхний ээлжинд дэд бүтцийн асуудлыг зайлшгүй улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай тул урьдчилсан тооцоогоор дэд бүтцийг байгуулахад 208,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/03 тоот захирамжаар Үйлдвэрлэл, технологийн паркийн бүсийн усны нөөцийн хайгуулын судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, цэвэр усны хайгуул судалгааны ажлын гүйцэтгэгчээр Гранд Электро Техноком ХХК, Охь ус ХХК-ийн түншлэл сонгон шалгарчээ.

Байгаль экологид ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг шинэ суурьшлийн бүсэд төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн парк байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулж, тухайн төслийн нэгж нь дарга болон бусад албан тушаалтнуудаас бүрдсэн 6 хүний орон тоотой байхаар төлөвлөжээ.

Харин Налайхад барилгын матераилын нэгдсэн зах худалдааг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бол үүнтэй зэрэгцэн “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах тус бүсэд 21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага байдаг байна.  Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих юм. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэхүү цогцолборыг барьж байгуулахын тулд бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулах шаардлагатай  болжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажилд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.   Үүний тулд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай санал солилцож, хувийн хэвшлийн оролцоотой Удирдах хороо байгуулах нь зүйтэй. Хөнгөн үйлдвэр технологийн паркийг байгуулахдаа дэргэд нь гааль, мэргэжлийн хяналт гээд бусад холбоотой төрийн үйлчилгээг хамт байгуулж нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг байхаар зохион байгуулах  нь зөв юм. Энэ нь  төсөл амжилттай хэрэгжих нэг боломж болно онцоллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш