Насанд хүрээгүй хүүхдүүдтэй нийлж, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж буй Г.Сарангэрэл нарын таван хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр 13.00 цагийн орчимд эхлэн орой болтол үргэлжлэв.
Шүүхийн шийдвэр гарч Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноов. Хамтран дээрх хэрэг үйлдсэн дөрвөн хүнд мөн 1.1-1.8 жил хорих болон тэнсэн харгалзах ял оноосон байна.
Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна хэмээгээд давж заалдана гэж мэдэгдлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчид өмнө нь хоёр ч удаа шүүгчээс татгалзсан санал хүргүүлсэн ч, энэ удаа уг саналаа татаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай буйгаа шүүх хурлын өмнө мэдээлсэн.
Энэхүү хэргийг шүүх хурал өмнө хоёр удаа товлогдсон ч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүгчээс өмгөөлөгчид татгалзсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм. Мөн энэхүү хэргийн таван шүүгдэгчийг шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж үзэн цагдан хориод байв.