logo
“Эзэн-100”-ийн дараа эдийн засаг хаачих вэ?

“Эзэн-100”-ийн дараа эдийн засаг хаачих вэ?

2014/08/01
Эдийн засгийг эрчим­жүүлэх “ЭЗЭН-100” хөтөл­бөрийг энэ оны тав­дугаар сарын найманд батал­­сан. Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхлэн “галт тэрэг” явж эхэлсэн юм. Эдийн засгийг идэвхжүү­лэх ажлаа үндсэн та­ван бүлэгт хуваасан төлөв­лөгөөгөө Засгийн газ­раас сүр дуулиантай та­нил­цуулж байлаа. Тэд үйлд­вэрлэгч, бизнес эрх­лэгчдийг дэмжиж, уул уурхай, барилга, аж үйлд­вэр, дэд бүтцийг сал­барыг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайж­руулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлууд хийхээр амалж байв. Харин одоо хөтөл­бөрийг санаачлагч, хэрэгжүү­лэгчид нь “Улс орны эдийн засаг 100 хоногийн дотор өргөс авчихсан юм шиг яаж тийм хурдан сайжрах юм бэ” хэмээн ярьж олны нүдийг орой дээр нь гаргаж амжсан.

Одоогоор “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажилдаа ил тодоор “дүн” тавьсан нь Уул уурхайн яам. Тэд нийт 19 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт, үр дүнг нь хянаж үзээд “Ерөнхийдөө 65 хувьтай байна” гэж өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн. Ингээд тус хөтөлбөрийн хүрээнд хийж буй аливаа ажлын явцыг эрчим­жүү­лэх, биелэлтийн хувь арай бага байгааг нь хяналтдаа авч, анхаарч ажиллахаа удирдлагын төвшиндөө амалсан юм.

Харин бусад нь таг чиг. Тэр ч байтугай “ЭЗЭН-100”-ийнхан өөрсдөө ч эзгүй зуны адаг сар ал­гуур­хан алсарч байна. Эдийн засаг гэдэг үнэндээ дан ганц уул уурхай биш билээ. Үүнийг дээр, доор­гүй ойлгож мэдэрч л бай­гаа. Тэгээд ч уул уур­хайн салбарынхны гар­гаж ирсэн 65 гэдэг тоо өнөөдөр хэнд ч пад­лий­ гүй байгаа нь л үнэн. Ард түмэн цаасан дээрх 65 хувь гэдэг тоог биш амьд­рал дээрээ л бодит үр дүн хүлээж байв. Тод­руулбал, өглөө болгон 850 төгрөгөөр авдаг бай­сан “Атар” талх нь яг энэ хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд 1100 төгрөг болж гэнэтийн бэлэг барь­сан. Ингээд зогсохгүй хөтөл­бөр эхэлж байх үед ам.долларын зарласан албан ханш 1807 төгрөг бай­лаа. Тэгвэл өнөөдөр тус ханш 1861 төгрөгт хү­рээд байна. Өөрөөр хэл­бэл, эдийн засгийг эр­чим­жүүлж эхэлсэн 80 га­руй хоногт ам.долларын ханш ийнхүү өсчээ. Харин юанийн зарласан ханш тав­дугаар сарын найманд 290 төгрөг байв. Одоо тус ханш 301 төгрөгт хүрч, мөн л өөдөө тэмүүлсэн график харагдаж байна. Зөв­хөн Төвбанкны ту­хайн өдрийн нэрлэсэн хан­шийг л жишээ татахад ийм. Тэгвэл өчигдөр арил­жааны банкууд ам.дол­ларыг 1855 төг­рөгөөр аваад 1871 төг­рөгөөр зарж байлаа. Ха­рин валют арилжааны за­хууд ам.долларыг 1868 төгрөгөөр авч 1876 төг­рөгөөр зарж байв.

Удахгүй нэг “ногоон” хоёр цэнхэр мянгаттай тэнцэхийг үгүйсгэхээргүй болжээ. Намар хаяанд ирчихээд хаалга тогших гэж байхад энэ нь олон нийтэд түгшүүр төрүүлж буй нь нууц биш. Энэ бүхний эцэст “ЭЗЭН-100” гэгч хэдэн сар хугацаа хожих гэсэн эрх мэдэлт­нүүдийн заль байсан нь тодорхой боллоо хэмээн ир­гэдийг дургүйцэхэд хүргэв. “Олон гэдэг олом­гүй далай” хэмээх үг бий. Ийм их хүч “шуурвал” ч эв­гүй дээ, эрхэм түшээд ээ!

Манай улсын эдийн засаг хүссэн, хүсээгүй улстөрч­дөөсөө ихээхэн ха­маа­ралтай гэдгийг захын чавганц мэднэ. “Хойтон жилийн наадам хол байна даа” хэмээн уянгалж явах хооронд чинь 2016 он ойрхон болчихсон байх вий.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш