Улаанбаатар хот нь Пхеньян хоттой 2003 оны 11 сард эгч дүү хотын харилцаа тогтоожээ. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд азийн хотын дарга нарын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хэдийгээр бид 2003 онд эгч дүү хотын харилцаа тогтоосон ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа харьцангуй удааширсан байсан. Тиймээс энэхүү форум нь манай хоёр хотын цаашдын хамтын ажиллагаагааг илүү тодорхой болгоход дэмжлэг болно гэж итгэж байна. Пхеньян хотоос суралцах зүйл бидэнд их байгаа.
Ялангуяа эдийн засаг, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг 2013 оны 4 дүгээр сард УИХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн хотуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Харин Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим “Та бүхний зохион байгуулж буй энэхүү форумд оролцох болсондоо таатай байна. Сүүлийн жилүүдэд манай 2 улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний дүнд манай 2 хотын цаашдын харилцаа ч өргөжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, тухайлбал соёлын салбарт голчлон хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” гэлээ.