logo
Алтан гадас фракцийн нууц удирдагч Н.Энхбаяр Х.Тэмүүжин сайдыг “залгихаар” шийджээ

Алтан гадас фракцийн нууц удирдагч Н.Энхбаяр Х.Тэмүүжин сайдыг “залгихаар” шийджээ

2014/08/18

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Алтан гадас” фракцийг дахин  “удирдаж” эхэлжээ.  Дахин гэж онцолсоны учир нь  тэрбээр өмнө 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад нь гурван ч удаа Засгийг унагаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Н.Энхбаярт “Алтан гадас” фракцийг далдаас удирдах том “шанс” гарч ирлээ. Энэ нь Ерөнхий сайд Үндсэн хууль, Төрийн нууцын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн явдал болон төрсөн охиных ахлах зөвлөх нь хүртэл хэдэн тэрбумын хэрэгт холбогдож, энэ асуудал зөвхөн Л.Гансүхийн өгөх өчгөөс шалтгаалах болчихоод байгаа нь Н.Энхбаярын хувьд өгөөш болж инээдээ барьж ядан сууна.  Одоо тэрбээр дохиураа яаж ч хөдөлгөсөн санасандаа хүрэх боломжтой болжээ. Харин олон нийт түүнийг хэрхэн хүлээн авах нь сонин биш бололтой. Уг нь Монгол төрийн бүх өндөр албыг хашиж хүрсэн түүнийг эдүгээ амбицаа дарж албан тушаалын төлөөх шуналаа цэнээсэй гэж хүсдэг хүн олон байдаг.  Тиймээс ч журмын ах нь байсан Б.Энхмандах хүртэл “НҮБ-д өндөр алба хаших боломж байсан” гэж нөхөрсгөөр хэлсэн зөвлөгөө нь экс Ерөнхийлөгчийн өмнө тоостой хоцорч байсан гэдэг. Түүний зөвхөн “Монголын хаан” байх, орчин цагийнхаар бол “Монголын Путин” байх хүсэл хана хэрэм мэт. Гэвч энэ л тэвчээргүй, хорон чанарууд нь “Н.Энхбаяр хэзээ ч Монгол Путин байх боломжгүй” гэдэг теоремыг баталдаг.

Н.Энхбаяр эгзэгтэй үед “Алтан гадас”-ынхантай нөхөрлөдөг.  Гэхдээ болзлыг зөвхөн Н.Энхбаяр тавьдаг гэдгээрээ тэдний нууц хамтын ажиллагаа онцлогтой байдаг юм.

Энэ удаад ч бас “Н.Энхбаяр ба Алтан гадас”  багийнхны анхны золиос нь ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгт болов. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын ойр дотныхон нь ар араасаа идсэн уусан хэрэгт холбогдсоныг, нэг ёсондоо тэдний эргэн тойрныхон дураараа дургихад нь ЦЕГ-ын дарга Б.Билэгт саад болоод байсан учраас тэр. Угаасаа Н.Энхбаяр, Б.Билэгт нар хувь хувьсгалын олон сэжмээр өстнүүд гэгддэг. Тиймээс ч Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын сэтгэснээр “Б.Билэгтийг зайлуулж байгаад Хууль зүйн сайд болон танхимын сайдуудад одоо Засгийн газрын нэр хүндийг нэгдүгээрт тавих цаг. Энэ бидний сүүлчийн аврал” гэхэд нь ганхийх ганц сайд олдоогүй аж.

Генерал Б.Билэгтийн оронд одоогоор хурандаа С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа ч энэ бол зүгээр л халхавч. Уг ажиллагааны гол зорилго нь гэмт хэрэг үүсгэгдсэн, илрээд байгаа авлигын хэргүүд болон сэжиглэгдээд байгаа хэргүүдийг намжаах, холбогдоод байгаа этгээдүүдийг суллах, цэвэрлэх, ойр тойрныг нь оролдоод байгаа АТГ болон Цагдаагийнхныг нам дарахад чиглэгдэж байгаа бололтой.

Эдгээр ажлыг Н.Энхбаяраар хийлгэх, түүнийг нам доторх зөрчилдөө ашиглахаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тохиролцсон байх магадлалтай юм. Н.Энхбаярын хувьд мэдээж Н.Алтанхуягтай хамтрах нь ашигтай. Өнгөрсөн хугацаанд “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн цоллуулж, хэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, шүүхээр гэм буруутай нь нотлогдсон ч одоогийн Ерөнхийлөгч түүнийг уучилсан. Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлуулахаар УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхнийг турхирсаар байгаагийн цаана хүүтэйгээ хамт нэр холбогдоод байдаг “Хар дун” компанийн нэрээр бусдыг залилсан хэрэг нь шалгагдаж буйтай холбоотой аж. Тиймээс  Н.Алтанхуягийн нэр хүндээр барьцаалж Хууль зүйн сайдыг гартаа оруулж авах шаардлага тулгарсан. Санасандаа хийж сарвайсандаа хүрдгийн ачаар өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө урамшуулдаг Н.Энхбаяр УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхнийг атгасаар байгаагийн нэгэн баталгаа нь УИХ-ын дэд дарга Л.Цог телевизээр “Засгийн газар өөрсдийнхөө саналаар огцорчих ёстой юм” гэж ярьж суугаа явдал. Тэр бас “Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр яах аргагүй хууль зүйн асар том алдаа гаргасныг баталсан. Энэ нь сайдын суудлаасаа огцрох ноцтой шалтгаан мөн болохыг ч хэллээ. Харин “хөшигний цаана” хэн байв. Хэн нэгэнт эвсчихээд байгаа Засгийн газрынхаа эсрэг ингэж хэлэх зоригийг түүнд өгөв. Арай Н.Энхбаяр биш биз. Энэ бүхэн нэг л танил сценари биш гэж үү. Сана даа,   “Ардчиллынхны ялалтын он жилүүд” гэгддэг 1996-2000 онд Засгийн газар дөрвөнтөө хөрвөөхөд тухайн үед Н.Энхбаяр “Алтан гадас”-ынхны элэг, бөөр мэт салахгүй дагаж явсан гэдэг. Тиймээс ч Ж.Наранцацралт агсны Засгийн газрын үед “Ордны хуйвалдаан”-ы аргаар Засгийн газрын гишүүд гарын үсгээ зуран огцорч байсны тод жишээ нь тухайн үед Хууль зүйн сайд асан Л.Цог.  Тэгэхээр сурцтай “эвсэл задлагч” байгаа биз. Мэдээж үүнийгээ “шударга ёсны төлөө” гэж тайлбарлана. Өнөөдрийг хүртэл Н.Энхбаярыг Л.Цог тэргүүтэнтэй нэгтгэж байсан олон шалтгааны нэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг боомилж, тэр тусмаа Алтангадасынхныг “авран алах”-д л чиглэж байсан юм биш үү. Харж л байя.Бараг л Н.Энхбаяр дохио өгснөөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ерөнхий сайд  Н.Алтанхуяг, түүний нэр хүнд, гэр бүл, тэр ч байтугай танхимыг нь аварна даа. Ашиг сонирхлын дараалал талаас нь ингэж өрсөнд гайхах хэрэггүй. Хэрэв дээрх үйлдэл болохгүй бол танхимыг дотроос нь задална. Энэ нь мөн л Н.Энхбаярын дохиогоор болох юм. Намар намарт асуудал үүсгэдэг энэ улстөрч эрхэм яг л шарилж мэт уламжлалт ёсоор харшил өгөөд эхэллээ.

С.Чулуун

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш