logo
Улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 22-30-ны өдрүүдэд үргэлжилнэ

Улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 22-30-ны өдрүүдэд үргэлжилнэ

2014/08/20

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хотын замын хөдөлгөөний ачаалал ихэссэн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/714 тоот захирамжаар гудамж, замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах гэж байна. 

Ингэснээр Улаанбаатар хотод тогтмол хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50 хувиар буурна гэж тооцоолжээ. Дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцсоноор иргэд төлөвлөсөн ажлаа замын түгжрэлгүй, стрессгүй амжуулах, цаг зав, эдийн засгийн үр ашиг гарах ба нийтийн тээврийн хэрэгслийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой аж.

Улсын дугаарын хязгаарлалт 2014 оны наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд өглөөний 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх бөгөөд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгой үйлчлэх замын хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаанхуарангийн уулзвар, ХСИСургуулийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх юм байна. 

Улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй гудамж замаар зорчсон жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг  хоёр жил хүртэл хугацаагаар хасах арга хэмжээ тооцох аж.

Улсын дугаарын хязгаарлалтад Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар заажээ.

Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус хяналтын үзлэг оношилгоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй/ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.

Нийслэл хотод үйлчилгээ явуулж буй томоохон худалдааны төвүүд /Нарантуул ОУХТ, Хар хорин зах, Оргил худалдааны төвүүд, Барс зах, Дэнжийн мянга, Мишээл экспо/ ойр орчмын замуудад зогсоолын хүрэлцээ муу, 3-4-р хороолол, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Баянхошуу Толгойт, 7-н буудал, Дарь-Эх, Чулуун овооны замуудад зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагаас ачаалал, түгжрэл ихээр үүсч байна.

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/133 дугаар тушаалын дагуу хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахаар болсон.

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагсдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “School Police” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажиллуулахаар болжээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш