Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэв. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойн 2014 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлалын дүнгийн тухай Монгол Улсын шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх 2014 оны долоодугаар сарын хураангуй мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайхан билэг танилцуулав. Тухайн сард Засгийн газрын 5 удаагийн хуралдаан болж, 101 асуудал хэлэлцэн, 26 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 28, тэмдэглэл 72, Ерөнхий сайдын захирамж 1 гарчээ.