logo
Нутгаа санаад уйлмаар...

Нутгаа санаад уйлмаар...

2014/09/24

Дэндүү тайван Дэлгэрмөрөний хөвөөнд яг өдийд намар цаг хормойгоо дэлгэн амарсхийж суугаа. Зунжин ногоон өнгөөрөө гайхуулсан хөх цэцэгт цахилдаг шаргал сороор гоёж, голын эрэг дагасан зөөлхөн ширэг гүн хөх өнгөнд уусаж, ирэх цагийг хүлээн санааширч байгаа.

Устай газарт усны шувууд ирэх шиг гоё аз жаргал, бас буцах шиг битүү, хатуу, бараан гуниг байдаггүй. Хавар хамгийн түрүүн айлчилж ирсэн шувууг бие биенээсээ өрсөн харах гэж хүүхдүүд хөл хөөр болцгооно. Хөгшид ч гэсэн тэднийг битүүхэн хүлээж, өглөө эртлэн айлд орсон хүн “Хойд дэрсэнд тогоруу ирчихэж”, “Ангир дуугарахыг сонсов уу” гэсээр хууч дэлгэнэ.

Яг л тэрэн шиг шувуу буцахыг сэтгэлээ сэмлэн сэмлэн харцгаана. Тэгсэн хэрнээ хараагүй дүр үзүүлэн дуугаа хураацгаана.

Хүмүүс Хөвсгөлийг их л хүйтэн сэрүүхэн газар гэж төсөөлдөг. Харин надад хэзээ ч тэгж санагдаж байсангүй. Зун, намрын зургаан сард Мөрөн шиг халуу төөнөдөг газар ховорхон санагддаг юм. Нарны илч нэг л өглөө харьж, цэвцийсэн цагаан хяруу нэвсийтэл буучихсан байдагсан. Үзүүр нь шаргалтсан буурал өвсөн дээр сул асгарсан цэгээн хярууг нүцгэн хөлөөрөө хээлж тоглоцгооно. Сэрүү буух тусам шаргал ангир Дэлгэр мөрөний дулаахан усанд хоргодон хоргодон ганганаж, дүрсгүй дэгдээхэйгээ аашлан далавчаараа ус самардан цухалдана. Хөөрхий алсын замд нялх үрээ авч явах гэж, нүүдлийн шувууд аяны замд бэлтгэх гэж хэрэндээ л их зовдог байхдаа хэмээн бодохоор сэтгэл хөндүүрлээд л ирнэ.

Аянч шувууд бөөн бөөнөөрөө цуглан ганганалдаж, байн байн хөөрч буун далавчаа сэгсэрцгээнэ. Очих газрын холыг бодож, явах замын уртыг санан санан амьхандаа л төлөвлөгөөгөө зохиодог байхдаа гэж бодогдогсон. Олон хоног чуулсан усны шувууд тэнгэр бүүдийж, од бүдгэрсэн бараан шөнөөр зэл татуулан нисээд алга болцгооно. Хөөрхий дөө. Дэлгэрмөрний тунгалаг ус цэлсхийтэл мэлтэлзэж байхад, дэндүү цэнхэр тэнгэр нь бүртийх ч үүлгүй тунарч байхад, хивс шиг зөөлхөн ширэг ногооноороо дулаахан байхад хүний нутгийг зорьж чаддаггүй л байх даа тэд.

“Буцах шувуудыг битгий хар” гэж ээж минь захидаг ч алсыг зорьж байгаа аянч шувуудыг хэн ч үдэж өгөхгүй дээ гэж санахаар, хоргодон хоргодсоор ниссэн энэ л шувууд холын аянаас бүрэн бүтэн эргэж ирж чадахгүй дээ гэж бодохоор уйлмаар санагдагсан.

Өдий хүртэл шувуудаа үдсэн намрын нуур шиг эзэнгүй, уйтгарт их усыг харсангүй. Усны бидэр даган шувуудын өд хөглөрч, саяхан л ногооноороо байсан ширэг зүлэг тэдний үдэж өгөөд гунигаан даалгүй шарлачихсан юм шиг нэг уйтай харагдана.
Эх болсон Дэлгэр мөрөн, их холыг зорих шувуудын нүүдэл он цаг дамжин үргэлжилсээр л байгаа.

Өчүүхэн тэр жигүүртэн алсын аянаас халгаж бэрхшээлгүй нутаг, усаан зорин тэмүүлж байхад өлгий бэлдүүлж ирдэг хүний үр яагаад ижийдээ очиж амжаагүй юм бол доо гэж бодохоор сэтгэл үймрээд л ирнэ. Ээжийгээ бодохоор, нутгаа санаад уйлмаар санагдана...

Б.Цоожчулуунцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш