Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйл, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас гарсан саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр 145 дугаар захирамж гаргаж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэн батлав.
Уг захирамжаар энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст үүрэг болголоо.
Мөн энэ захирамж гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 165 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.
Энэ журмын зорилго нь хэвлэл мэдээллийн ажилтанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрхийн үнэмлэх олгох, Төрийн ордон дахь сэтгүүлчдийн өрөөг ашиглах, тогтоосон цэгүүдэд ярилцлага, сурвалжлага авах харилцааг зохицуулахад оршиж байгаа болно.
Улсын Их Хурлын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаар захирамжийн хавсралтаар шинэчлэн баталсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг дор бүрэн эхээр нь нийтлэв.
Улсын Их Хурлын даргын 2014 оны 145 тоот захирамжийн хавсралт
УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРВАЛЖЛАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь хэвлэл мэдээллийн ажилтанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрхийн үнэмлэх олгох, Төрийн ордон дахь сэтгүүлчдийн өрөөг ашиглах, тогтоосон цэгүүдэд ярилцлага, сурвалжлага авах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан /цаашид “Хэвлэл мэдээллийн ажилтан” гэх/ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, сэтгүүлчийн баримтлах ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөж ажиллана.
Хоёр. Сурвалжлах эрх олгох
2.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь /цаашид “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэх/ Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг хэвлэл мэдээллийн ажилтанд нэр зааж олгоно.
2.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг Төрийн ордны хамгаалалтын алба тусгай тэмдэг дарж баталгаажуулна. Сурвалжлах эрхийн үнэмлэх нь тухайн ажилтны ажлын газрын үнэмлэхний хамт хүчинтэйд тооцогдоно.
2.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг өдөр тутмын сонинд 3, өргөн нэвтрүүлгийн телевизэд 4, кабелийн сувагт 2, өргөн нэвтрүүлгийн радиод 2, FM радиод 1, редакци бүхий, өдөр тутам 5000-аас доошгүй хандалттай /энэ хандалт нь давхардаагүй/ цахим хуудсанд 2, бусад сонин, сэтгүүл, гэрэл зургийн агентлагт тус бүр 1 хүнд олгоно.
2.4.Хэвлэл, мэдээллийн байгууллага нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг авах саналаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тухайн ажилтны ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг нь харгалзан энэ журмын 2.3-т заасан тооны хязгаарт багтааж ирүүлнэ.
2.5.Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс олгосон үнэмлэх бүхий хэвлэл, мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг сурвалжилна.
2.6.Хэвлэл мэдээллийн ажилтан нь Төрийн ордонд ажиллах үедээ сурвалжлах эрхийн үнэмлэхийг заавал зүүнэ.
2.7.Хэвлэл мэдээллийн ажилтан нь ажлаасаа халагдах, өөр ажилд шилжих зэрэг тохиолдолд хэвлэл, мэдээллийн байгууллага нь үнэмлэхийг хураан авч Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст буцааж хүлээлгэн өгнө. Хэвлэл мэдээллийн байгууллага нь тухайн ажилтны оронд өөр хүн томилох бол энэ журамд заасны дагуу хүсэлтээ гаргана.
Гурав. Хэвлэл мэдээллийн ажилтны ажиллах нөхцөл
3.1.Хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим дахь тусгайлан зааж өгсөн хэсэгт үйл ажиллагаагаа явуулна.
3.2.Хэвлэл мэдээллийн ажилтан нь Төрийн ордонд мэдээ, сурвалжлага бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий, дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломжоор хангагдсан сэтгүүлчдийн өрөөгУлсын Их Хурлын Тамгын газар гаргаж өгнө.
3.3.Энэ журмын 3.2-т заасан өрөөнд хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авна.
3.4.Хэвлэл мэдээллийн ажилтанд Улсын Их Хурлын гишүүд сурвалжлага, ярилцлага өгөх цэгийг Төрийн ордонд байгуулна.
3.5.Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагууд албан өрөөндөө ярилцлага өгөхөөс бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой аливаа ярилцлага, мэдээллийг авахдаа энэ журмын 3.4-т заасан цэгийг ашиглана.
Дөрөв. Хэвлэл мэдээллийн ажилтны эрх, үүрэг
4.1.Хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв мэдээлэх үүргийг хүлээнэ.
4.2.Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газраас өгсөн мэдээллийг илтэд гуйвуулж, ташаа мэдээлэл нийтэлж, нэвтрүүлсэн тохиолдолд залруулга гаргах үүрэгтэй.
4.3.Хэвлэл мэдээллийн ажилтан нь Төрийн ордны тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг баримтлан үйл ажиллагаа явуулна.
4.4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд гэрэл зургийн сурвалжлагч нь зөвхөн зөвшөөрөгдсөн цэг, зааг хязгаараас гэрэл зураг авна.
4.5.Хэвлэл мэдээллийн ажилтан ньУлсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын гишүүдийн анхаарлыг сарниулах, тэдэнтэй уулзах, ярилцлага авах, гар утсаар ярих, сонин хэвлэл, сурталчилгааны материал тараах зэргээр Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаанд саад болох аливаа үйлдэл гаргахыг хориглоно.
4.6.Хэвлэл мэдээллийн ажилтан нь чуулганы хуралдааны танхимд хуралдаан зохион байгуулах үүрэг бүхий ажилтнаас хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахталаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
4.7.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрх бүхий хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн ажилтан нь сэтгүүлчдийн өрөөний техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
4.8.Хэвлэл мэдээллийн ажилтны ашиглаж байсан техник, тоног төхөөрөмж тухайн ажилтны буруугаас эвдэрч гэмтвэл хэвлэл мэдээллийн байгууллага хохирлыг шуурхай барагдуулна.
Тав. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эрх, үүрэг
5.1.Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь Улсын Их Хурлын цахим хуудсаар дамжуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах арга хэмжээ авна.
5.2.Хэвлэл, мэдээллийн байгууллага нь Улсын Их Хурлын даргаас ярилцлага, тодруулга авах, түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллагаас зохион байгуулж байгаа нэвтрүүлэг,бусад арга хэмжээнд оролцуулах хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан шийдвэрлүүлнэ.
5.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулган, хүндэтгэлийн хуралдаан болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслол, Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы нээлт, хаалтын ажиллагаа, Байнгын хороодын нээлттэй сонсгол, хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн ажилтан, зураглаачийг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Хуралдаан зохион байгуулах хэлтсээс олгосон зөвшөөрлийн дагуу оролцуулна.
5.4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг радио, телевизээр шууд дамжуулах тохиолдолд тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна.
5.5.Гадаад улсынөндөр дээд хэмжээний зочны айлчлалыг сурвалжлахад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тусгай үнэмлэх олгоно. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагууд нь Улсын Их Хурлын даргын дотоод, гадаад томилолт, айлчлалыг дагалдан сурвалжлах тухай хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст урьдчилан мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
5.6.Гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчдад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг сурвалжлах түр зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хэвлэл, мэдээллийн хэлтсийн хүсэлтийг харгалзан олгоно.
5.7.Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан хүсэлт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг үндэслэн телевизүүдтэй энэ журмын 3.2-т заасан өрөөний техник, тоног төхөөрөмжийг ашиглах гэрээ байгуулж, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд ашиглуулна.
5.8.Энэ журмын 3.2-т заасан өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад хэвлэл мэдээллийн байгууллага нь Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст хүсэлт гаргаж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлан авч болно.
Зургаа. Бусад зүйл
6.1.Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгийн хуралдааны талаарх мэдээ, мэдээллийг тэдгээрийн ажлын алба дамжуулна.
Долоо. Хариуцлага
7.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн тохиолдолд зөвхөн нэг удаа нөхөн олгоно.
7.2.Энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тухайн сурвалжлагчид анхааруулах, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг тодорхой хугацаагаар, эсхүл бүрмөсөн хасах арга хэмжээ авна.
7.3.Төрийн ордны хамгаалалтын алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шийдвэрийг үндэслэн сурвалжлах эрхийн үнэмлэхийг хураан авах, хүчингүй болгох арга хэмжээ авна.