logo
Аврах гэсэн биш алчихлаа

Аврах гэсэн биш алчихлаа

2014/09/25
УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал багтжээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Н.Батбаяр сайдыг огцруулах хэд, хэдэн үндэслэлийг МАН-ын зүгээс гаргаж тавьсан хэдий ч энэ үеэр Засгийн газар, эдийн засгийн эрчимжүүлэх ЭЗЭН-100 хөтөлбөрийг зарлаж, Н.Батбаяр сайдыг хамгаалж, удаа дараа завсарлага аван хойшлуулсаар намрын чуулганы хэлэлцэх асуудал руу шилжүүлсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ үйлдлийг сөрөг хүчний зүгээс Н.Алтанхуяг эдийн засгийг хямраасан буруутнуудын үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдуулж байна гэж дүгнэж байв.

“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ЭЗЭН-100 хөтөлбөр ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохуйц үр дүн өгөөгүй, үүнийг дагаад эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын нэр хүнд ч олон нийтийн дунд навс унасан гэж хэлж болно. Уг нь Н.Алтанхуяг хаврын чуулганаар танхимын сайдаа авч үлдсэнээ “аварсан” гэж бодсон байх. Гэвч өнгөн дээрээ тийм болохоос биш үнэн хэрэгтээ Н.Батбаяр сайдыг “аврах гэсэн биш алчих шиг” боллоо.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд эдийн засаг сайжирсан бол Н.Батбаяр сайд ирэх УИХ-ын чуулганы хуралдаанд додигор сууж байх байлаа. Гэвч нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөнгүй. “Ямааны мах халуун дээрээ” гэгчээр хаврын чуулганаар эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг нэг мөр шийдсэн бол Н.Батбаярын сайдын “шарх” өдийд аньчихсан, Ардчилсан намын рейтинг ч гайгүй байх байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш