Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөлөө. 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар тооцож авсан мэдээллээр нийслэлд нийт 40,94 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавигдсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм.
Тухайлбал, Улаанбаатар хотын үүд болсон Яармагийн гүүрээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км автозам удахгүй ашиглалтад орно. 2012 оноос тавигдаж эхэлсэн уг зам зорчих хэсгээрээ 23 м өргөнтэйгөөс гадна замын хажуугаар 10 км урт явган хүний зам тавиад байгаа. "Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км шинэ авто замыг 9 дүгээр сарын 5-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилтын хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой замууд юм.
Үүнээс гадна Богд уулын араар тавьсан энэхүү зам хурдны зам огт биш бөгөөдхөдөлгөөнд оролцогчдоос илүү анхаарал, ур чадвар шаардагдахаар байгаа гэдгийг онцгой анхаараасай гэж хүсч байна. Ашиглалтад хүлээн авсан зам1.5-5 хүртэл метрийн өндөр далан, 24 огцом эргэлттэй учраас Замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан 30 км/цагаас хурдаа хэтрүүлэлгүй, илүү анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүд, жолооч нарт анхааруулъя. Тус замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 6 760 метр аюулгүйн туузан хашилт, анхааруулга бүхий таних тэмдгүүдийг байршууллаа.
Автозамын хүрэлцээ, нэвтрүүлэх чадвар сайжрахын хэрээр жолооч нар хурд хэтрүүлэх зэргээр зам тээврийн осол, аваар ихээр гаргах хандлага ажиглагддаг. Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж буй тоон мэдээллээс харахад хурд хэтрүүлсэн, аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй зам тээврийн осол буурахгүй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, замын тэмдэг, тэмдэглэгээгээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож байхыг уриалж байна.
Замын хөдөлгөөний хууль, дүрмийг чанд сахиж, хурдаа тохируулж явснаар болзошгүй аюул ослоос гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж чадна.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл
2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр