logo
Европын орнуудын стандарчлалын тогтолцоотой танилцав

Европын орнуудын стандарчлалын тогтолцоотой танилцав

2014/09/29

Монгол Улс Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн шугамаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тэргүүтэй төлөөлөгчид төлөөлөгчид 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Берлин, Брюссель, Лондон хотноо танилцах айлчлал хийв. 

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид ХНБГУ-ын үндэсний стандартын байгууллага болох Германы стандартын хүрээлэн /DIN Deutsches Institut für Normung e.V./, Их Британы үндэсний стандартын BSI компани болон Итгэмжлэлийн алба /UKAS/-нд зочилж үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна Брюссельд төвтэй Европын стандартын хороо /CEN/, Европын цахилгаан техникийн стандартын хороо /CENELEC/, Европын стандартчилалд   хэрэглэгчдийг төлөөлөх холбоо (ANEC), Европын худалдааны танхим (EUROCHAMBRES), Европын Комиссын Худалдааны болон Үйлдвэр, аж ахуйн Ерөнхий газруудын төлөлөлтэй уулзаж Европын холбооны стандартын тогцолцоо, стандардчиллын бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч туршлага судлан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн болон бусад саад тотгорыг арилгах, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр талууд Европын Холбооны стандартын тогтолцоонд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн туршлага, сургамжын талаар мэдээлэл авахын зэрэгцээ энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэж буй хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад стандартын гүйцэтгэх үүргийн талаар болон Европын Комиссоос зохион байгуулдаг “Хөгжлийн төлөөх элч” арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийхний хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг хамтын ажиллагааны тодорхой асуудлаар мөн ярилцжээ.

ЕХ-ны гишүүн орнуудын компаниудын, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг гадаад улс орнуудад өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс ЕХ-ны үйлдвэр, хувийн хэвшлийн асуудал эрхэлсэн комиссар 2011 оноос эхлэн “Хөгжлийн төлөө элч” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд улс төр, бизнесийн уулзалт зохион байгуулж, үйлдвэрлэл, инноваци, хувийн хэвшил, түүхий эд, стандарчилал, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээнд харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, харилцаа холбоо тогтоох, ЕХ-ны үйлдвэр, аж ахуйн салбарын бодлогыг таниулан сурталчлахыг эрэлхийлдэг байна.

ЕХ-ны дээрх төслийн нэгжээс санаачлан зохион байгуулсан энэхүү танилцах айлчлал нь Монгол Улсын стандарчиллын тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн “Стандартчилал, итгэмжлэл, тохирлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэн батлах, ЕХ-ны стандартчилалын тогтолцоо нийгэм болоод бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буйг ойлгох, холбогдох байгууллагуудын зүгээс энэ талаар цаашид шат дараалалтай арга хэмжээ авч ажиллахад чухал ач холбогдолтой боллоо гэдэгтэй талууд санал нэг байв.  

Өнгөрөгч 4 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн “Монгол Улсын Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” ЕХ-ны энэхүү төсөл Монгол Улсад ЕХ-ны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэн нутагшуулах тухай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын стандартын тогтолцоо, түүний хууль эрх зүйн үндсийг шинэчлэн олон улсын жишигт хүргэх замаар манай улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, ЕХ-ны болон олон улсын зах зээлд гаргах бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш