Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдав
9 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын сайд нарын 13-р хурал хуралдаж нийтлэг асуудал бэрхшээлээ хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэхэд олон улсын зүгээс тэр дундаа НҮБ-ын зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Дэлхий дээр далайд шууд гарцгүй бөгөөд эдийн засгийн хувьд хөгжиж буй 31 улс байдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар эдгээр улсын олон улсын худалдааны эргэлтэд эзлэх хувь бүгд нийлээд 1 орчим хувь байдаг, тэд бараа бүтээгдэхүүний экспортод гаргахад бусад улсаас 2 дахин илүү зардал гаргадаг зэрэг олон сул талууд байдаг ажээ.
Монгол Улс эдгээр улсын нэг болохын хувьд НҮБ, Дэлхий худалдааны байгууллагын хүрээнд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулах цөөнгүй ажлыг санаачлан хийж ирсэн байдаг. Өнгөрсөн онд энэ асуудлыг судалж бодлогын зөвлөмж гаргаж байх тинк-танк институтыг манай улс өөрийн санаачлагаар Улаанбаатар хотод байгуулаад байгаа бөгөөд цаашид тус төвийг НҮБ-ын албан ёсны бүтцийн байгууллага болгох чиглэлээр ажиллана гэж сайд нарын хуралд оролцсон Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ.
Тэрээр мөн Далайд гарцгүй орнуудын асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд төлөөлөгч бөгөөд, ЕНБД-ын дарга Г.Ачаритай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Сайд Л.Болд энэ онд Улаанбаатар хотноо болсон ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр ба далайд гарцгүй орнуудад үзүүлэх нөлөө сэдэвт бага хурлыг зохион байгуулахад ноён Г.Ачари дэмжлэг үзүүлж өөрийн биеэр ирж оролцсон явдалд талархал илэрхийллээ.
Түүнчлэн Дээд төлөөлөгч Г.Ачари 11 дүгээр сард Вена хотноо зохиогдох далайд гарцгүй орнуудын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцохыг урьсанаа дахин тодотголоо.
Энхийг сахиулах үйл ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг
Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь энхийг сахиулах үйл ажиллагаа юм. Цаашид манай улс энэ чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны сэдвээр зохиогдсон хурал, арга хэмжээнүүдэд үг хэлэхдээ тодотгож байлаа.
Тэрээр Финланд, Уругвай Улсын Засгийн газар, Олон улсын энх тайвны хүрээлэнтэй хамтран пүрэв гарагт зохион байгуулсан "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны талаарх шинэ яриа хэлэлцээ: Түншлэлийг бэхжүүлэх нь" сэдэвт уулзалт, баасан гарагт болсон "Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь" дээд хэмжээний уулзалтуудад оролцов.
Энэхүү дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден санаачлан хуралдуулж даргалсан бөгөөд хурлын үр дүнд оролцогч улсууд хамтарсан тунхаглал гаргалаа.
Мөн энэ үеэр Монгол Улсаас Энхийг сахиулах үйл ажиллагааны дээд удирдлагад Монгол хүн ажиллах болсон тухай шийдвэрийг баталгаажуулсан гэрчилгээг сайд Л.Болд хүлээн авав. Тодруулбал Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан ажиллахаар томилогджээ.
ЕАБХАБ-ын Сайд нарын хуралдаанд оролцов
ЕАБХАБ буюу Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын сайд нарын хурлыг тус байгууллагын энэ оны даргалагч Щвейцарийн Холбооны Улс удирдан зохион байгууллаа. Уг уулзалтад гишүүн 56 орны Гадаад хэргийн сайд нар бүрэн оролцсоны дотор хамгийн отгон гишүүн болох Монгол Улсыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов.
40 гаруй жилийн түүхтэй тус байгууллага нь зөвхөн Европ төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хангах итгэлцлийг бэхжүүлж асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлж бодит үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлдэг голлох механизмуудын нэг юм. Энэ удаагийн уулзалтаар сайд нар Украйн дахь асуудлыг энхийн замаар шийдвэрлэх арга замын талаар төвлөрөн ярилцав.
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаар хуралдав
9 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх сайд нарын 7 дугаар хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд оролцов.
Цөмийн зэвсгийн аливаа хэлбэрийн туршилтыг бүрэн хориглох тухай энэхүү гэрээг 1996 онд анх санаачлан дэвшүүлж одоогоор НҮБ-ын гишүүн 183 улс нэгдсэн ч дотоодын хууль тогтоомжоороо бүгд соёрхон батлах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд үүний дараа гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөж ёстой юм. Монгол Улс уг гэрээг анхнаас нь бүрэн дэмжиж нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын газар нутгийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж энэхүү статусаа НҮБ-ын тогтоолоор баталгаажуулаад байна.
Тус хуралд НҮБ-ын ЕНБДарга Бан Ки Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэргүүтэй хүндэт зочид оролцож үг хэлсний дотор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэллээ. Хуралд оролцогчид цөмийн туршилтыг хориглох бүрэн хориглох гэрээний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Үүний зэрэгцээ сайд Л.Болд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Гүйцэтгэх захирал Л.Зерботой уулзалт хийв.