logo
Лэди Гага: Ажил бүтэхгүй бол уйлчихдаг

Лэди Гага: Ажил бүтэхгүй бол уйлчихдаг

2011/09/19
Дэлхийн поп, дэнс-поп урсгалыг тодорхойлж буй дуучин бол Лэди Гага юм. Богино хугацаанд алдрын оргилд гарсан тэрбээр энэ онд "Born this way" хэмээх цомог гаргаж багагүй амжилт дагуулсан. Түүний амьдралын зарчим бол бусдаас өвөрмөц байх явдал гэнэ. Лэди Гага "Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө үзэл бодол, цаашид юу хийх гэж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ.

-Гэр бүлийнхэн чинь таныг Йонна гэж дууддаг байх. Би таныг ярилцлагынхаа хугацаанд энэ нэрээр чинь дуудаж болох уу?

-Та миний гэр бүлийн гишүүн биш шүү дээ. Гэхдээ Йонна бол олон зовлон, нэлээд асуудал дунд байсан охин болохоор зарим дурсамж сэдэрдэг. Миний уран бүтээлийг сонсдог хүмүүс энэ нэрээр намайг дууддаггүй. Яг л Шрекийн эхнэр шиг сонсогддог гэж дийлэнх хүн хэлдэг.

-Йоннагийн зовлонгоос бага зэрэг хуваалцвал?

-Тэр хэзээ ч олны өмнө гарч дуулна гэж бодож байгаагүй. Түүнд нэг л зорилго байсан. Энэ бол тэр хэрхэн сайхан харагдах вэ гэдэгт толгойгоо гашилгадаг охин байлаа. Нүүрээ будаж сураагүй охид аймшигтай харагддаг шиг түүнийг хүмүүс тэгж хүлээж авч байсан. Гомдох сэтгэлийг өөрийнхөө гол зан чанар болгосон Йоннаг ямар ч сайхан залуу нэг нүдээрээ ч харддаггүй байсан. Энэ бол 13 настай би.

-Та өмнө нь нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан биз дээ. Гэтэл яагаад өөрийнхөө өсвөр насыг ингэж дүгнэх болов?


-Хэдийгээр гаднаа хөгжилтэй харагддаг болов ч үнэндээ би дотроо уйлдаг байсан. Магадгүй би өөртөө хэзээ ч сэтгэл ханамжтай байж үзээгүйтэй холбоотой болов уу. Одоо ч заримдаа уйлдаг. Намайг хүмүүс үргэлж цог золбоотой байдлаар минь хүлээн авдаг.

-Таны уйлдаг шалтгаан чинь юу вэ. Мөнгө, тансаг байшин, автомашин, юутай ч зүйрлэшгүй нэр хүнд танд байна шүү дээ?

-Би заримдаа өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаггүй. Шахуу хуваарьтай байна гэдэг амаргүй. Өглөөний цайгаа ууж дуусгахгүй гарах нь хэвийн үзэгдэл. Мөн тэнүүлчин шиг энэ тэнд хонох тийм ч таатай биш. Урьд нь ийм байдал надад таалагддаг байсан ч хэтэрхий их ажиллаж байгаа болохоор таалагдахгүй байна. Төлөвлөсөн ажил бүтэхгүй тохиолдол их гардаг болохоор уйлчихдаг. Энэ бол цоглог Лэди Гагагийн сүүдэр тал юм л даа.

-Сэтгэлээр унасан үедээ клипний чинь зураг авалт юм уу, тоглолттой үе таарч байсан уу. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?


-Тийм ээ. "You and I" дууны клипний зураг авалтын үеэр би эрэгтэй хүн болж тоглодог хэсэг байдаг. Энэ үеэр надад миний дотны найз маш хүнд өвчин туссан тухай мэдээ ирсэн. Үнэхээр аймшигтай. Хорт хавдар эдгэдэггүй гэж эмч ярьсан. Зураг авалтаа үргэлжлүүлж байхад нулимс урсчихаад байсан. Тэвчихдээ муухай харж, эрэгтэйлэг дүр төрх гаргахыг хичээж байлаа. Зураг авалтын дараа Жое Глейн намайг чадварлаг тоглосон гэж урамшуулж байсан ч би найзынхаа тухай л бодоод байсан.

-Та өрөвчхөн сэтгэлтэй юм. Гэтэл би хэрцгий, эрэгтэйлэг, этгээд, гаж мэт харагддаг Лэди Гагаг төсөөлж байжээ?

-Миний клип болон байгаа байдал сэтгэл хөдлөлийг маань илэрхийлдэг. Секси хувцасласан бол би бусдад тачаангуй харагдахыг хүссэн байдаг. Эрээн алаг хувцасласан байвал өглөө нь ямар нэгэн зүйл тохиолдсон гэж бодох хэрэгтэй. Би энэ оны хавар аавындаа очихдоо хар хувцас өмссөн байсан. Гэтэл ээж намайг хар хувцас өмсчихөөд өөрийгөө дуучин гэж нэрлэлээ гээд загнасан. Би түүнд өөрийгөө ойлгуулах гэж нэлээд удсан шүү. Үүнээс хойш тэднийд очихдоо хар хувцас өмсөхөө больсон.

-Таныг өвөрмөц байхын тулд мансууруулах бодис хэрэглэдэг гэж өнгөрсөн онд хэвлэлүүдэд бичиж байсан. Гэвч би энэ тухай таныг ямар хариулт өгснийг мэдэхгүй. Хүмүүс надтай адилхан танаас хариулт хүсч байж болох юм?

-Би дунд сургуульд байхдаа өвс татаж байсан. Энэ үед хүүхдүүд нэгнийгээ дагаж буруу үйлдэл их хийдэг. Гэхдээ би уран бүтээлээ туурьвиж эхэлснээс хойш өвс юм уу, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй.

-Тэгвэл өвөрмөц байдлаа хэрхэн олж авсан бэ?

-Өвөрмөц байхын тулд сэтгэлдээ байгаа бүх зүйлээ гаргах ёстой. Цамцаа урж өмсөх бол аль талаас нь сэтлэх тухайгаа бод. Би ихэвчлэн хүний төсөөлөлд орж ирэхгүй тийм хэв загвар олохын тулд маш их бодож тунгаадаг. Үхрийн махаар хийсэн хувцас бол хэн бүхнийг алмайруулсан. Найзууд маань "Чи яаж чадаж байна аа, хүний мах биш байгаа даа" хэмээн дуу алдаж байлаа. Надад бусдыг алмайруулах сайхан санагддаг.

-Ингэхэд таны дансанд хэдэн "ногоон" бий вэ?

-Намайг дээрэмдэх нь үү. Би багагүй хөрөнгөтэй.

-Үгүй дээ. Би саяхан "Facebook" дэх блогтоо байж байтал миний танилууд таныг хэр хэмжээний хөрөнгөтэй болохыг мэдэхийг хүсч байгаагаа надад хэлсэн юм?


-Ойролцоогоор 700 сая ам.доллар бий. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэл шүү дээ.

-Та олсон хөрөнгөөрөө байшин худалдаж авдаг юм уу?

-Нью-Йорк, Лас Вегас, Холливудад таван байшин бий. Хүссэн байшиндаа очиж хоноход сайхан мэдрэмж төрдөг. Нэмж хэлэхэд, эдгээр байшингийн загварууд хоорондоо хэзээ ч давтагдахгүйгээрээ онцлогтой. Байшин, үнэт эдлэл бол хэзээ ч өөрийн чанар, үнэлэмжээ алддаггүй.

-Та өөрийн гэсэн хувцас загварын агентлаг, брэнд нээнэ гэж ам алдсан. Тэгэхээр таныг Же Ло шиг загварын ертөнцөд байр сууриа олно гэж ойлгож болох уу. Гэхдээ таны хэв маягийн загвартай хувцас байна гэхээр төсөөлөгдөхгүй юм?

-Би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ өөрийн гэсэн чөлөөт хэв маягийг эрхэмлэсэн хувцас байна гэж бодож байгаа. Ийм хувцас хүнийг бусдаас ялгарч харагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс маш цөөхөн тоогоор үйлдвэрлэх нь чухал. Би загвар зохион бүтээгчидтэй ярилцаж үзсэн. Тэд үнэтэй зөвлөгөө өгсөн. Ирэх онд анхны хувцас загварынхаа шоуг танилцуулахаар ажиллаж байна.

-Та хэзээ хүүхэдтэй болно гэж боддог вэ. Хүүхэд таны амжилтыг бууруулах болов уу?


-Хүсвэл одоо ч хүүхэдтэй болж чадна. Гэхдээ бяцхан хүн надаас маш их зүйл хүснэ. Би олны танил дуучин болохоор хүүхэд фэн хоёрынхоо хүссэн зүйлийг зэрэг өгөхийн тулд ажиллаж ч мэднэ. Бяцхан хүн миний амжилтад саад болохгүй. Тэр ээжийгээ байнга дэмжиж, тоглолттой үед уйлахгүй байх болов уу. Гэхдээ миний гэдэс томорно гэхээр надад төсөөлөгдөхгүй байна.

-Жирэмсэн болохоос эмээсэн хэрэг үү?

-Магадгүй л юм.

-Таны нэр хүнд маш их өсч байна. Энэ нь таныг болчимгүй үйлдэл гаргавал нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлно гэж би боддог. Таны үйл хөдлөлдөө хэзээ ч анхаардаггүй гэж зарим хүн ярьдаг?

-Би Линдсей Лохан, Бритни Спирс, Ким Кардашиан шиг бодохгүйгээр үйлдэл гаргадаггүй. Би чөлөөт цаг гарвал улс төр, бизнесийн ном унших дуртай. Эдгээрээс миний мэдэхгүй олон асуултын хариулт олддог. Нийгэмд нөлөөтэй байхын тулд үйл хөдлөлдөө анхаарах ёстой ч эдгээр номд бичсэн байдаг. Би олны анхааралд байх дуртай. Гэхдээ жаахан хүүхэд шиг гэнэн үйлдэл гаргахгүй. Тоглолтын үеэр гаж үйлдэл хийх нь миний эрх мэдлийн асуудал. Энэ бол миний фэнүүдэд муу үлгэр дууриалал болохгүй гэдэгт би итгэлтэй байдаг.

-Тэргүүн хатагтай Мишель Обама болон Хиллари Клинтон нар таны фэн гэдгээ илэрхийлж байсан?


-Тэд улстөрчид ч гэлээ миний дууг сонсдог нь бахархалтай. Мөн тэднээс би эрхэмсэг, тансаг байдлыг олж хардаг.

Д.Түвшинтөр
"Нийгмийн толь" сонин
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш