logo
Францад тамхидалтын эсрэг хатуу арга хэмжээ авна

Францад тамхидалтын эсрэг хатуу арга хэмжээ авна

2014/09/29
Францын засгийн газар тамхидалтыг бууруулах зорилгоор тамхины хайрцаг савалгаа нь ямар нэг шошго тэмдэг, бичиггүй байх ёстой гэсэн заалт бүхий хуулийн төсөл боловсруулснаа танилцуулсан нь багагүй маргаан дагуулсан байна. Энэхүү хуулийг ялангуяа Францын өсвөр насныхны дунд тамхины хэрэглээ өндөр байгааг бууруулах зорилгоор санаачилжээ. Тус улсын эрүүл мэндийн сайд Марисоль Турен 2012 онд адил арга хэмжээ авч хэрэгжүүлсэн Австралийн жишгийг дагахаар төлөвлөж байгаа юм байна. Учир нь мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тамхины хайрцаг савлагаан дээрх шошго, брэндийн тэмдгийг хориглож, эрүүл мэндийн анхааруулгуудыг хэвлэснээр Австралид тамхидалтыг бууруулж чаджээ.

Гэхдээ Францын зарим тамхи үйлдвэрлэгчид үүнийг үгүйсгэж, засгийн газрын төлөвлөгөө учир дутагдалтай гэж мэдэгдээд байгаа юм. Ямартай ч Францчуудын нас баралтын гол шалтгаан нь тамхидалт бөгөөд жил бүр 70,000 гаруй хүн тамхитай холбоотой өвчлөлөөс болж нас бардаг ажээ. Сайд Турений хэлснээр 66 сая орчим хүн амтай Франц улсад тамхичдын тоо 13 саяд хүрээд байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш