Монголд эдийн засгийн хувьсгал хийнэ гэж нэг хэсэг нь уриалж байхад бидэнд баялгийн хараал нүүрлэлээ гэж нөгөө хэсэг нь сэрэмжүүлж байна. Монголд төрийн эргэлт хийх хэрэгтэй хэмээн зарим хүн турхирч байхад Монголын улс төр шинэ шатанд тогтворжиж байгаа гэж нөгөө хэсэг нь хөл хөсөр суух юм. Манай улс ядуу, эсвэл баян. Монгол хүн ухаантай, эсвэл мулгуу. Оюутолгойн гэрээ сайн, муу. Таван толгой манайх, гадных. Энэ олон эсрэг тэсрэг мэдээлэл дундаас бодитойг нь тунгаахад дэндүү бэрх. Эдгээр мэдээллүүдэд цор ганц ижил чанар оршиж байна. Тэр нь бизнес, улс төрийн тодорхой бүлэглэлээс иргэд рүү, ард түмэн рүү чиглэсэн байх ажээ. Үүнийг захиалгат мэдээ гэнэ.
Тэр даргын сонин муулж байгаа бол нөгөөдөх нь сайн хүн, энэ даргын телевиз магтаж байгаа бол тэр нь муу хүн гэж ярьдаг боллоо. Улаан хүн, цэнхэр хүн, ногоон хүн гэх ангилал Монголын нийгэмд үүсч, үндэс сууриа гүн бат тавьсаар байна. Хөх толбот Монгол хүн хэмээх нэгэн овог аймгийн үр сад ийнхүү улаан, ногоон, цэнхэр тамгатан болов. Одоо хэн нь цэнхэр, хэн нь улаан бэ гэдгийг ялгахад бэрх болов. Үүнийг мэдээллийн төөрөгдөл хэмээнэ.
Сонин дэлгэвэл дарга, телевиз асаавал дарга, радио чангалвал дарга. Гэртээ орж ирвэл бас л дарга хоймор эзэлнэ. Хэвлэлээр хамгийн эрх чөлөөтэй “бурдаг” хүмүүс бол дарга нар. Харин Баянхонгор аймгийн Баацагаан сумын сайн малчин Эрдэнэд үг хэлэх эрх чөлөө бий юу. Үзэл бодлоо илэрхийлэх боломж байгаа юу. Эрдэнэ ядаж аймгийн телевизээр ярилцлага өгч, сумын захиргааны мэдээллийн самбарт зураг нь ёлтойх хувь байна уу. Баянхошууны рашаантын 18-д оршин суух 25 настай идэр залуу Жавхланд Улаанбаатараар дүүрэн халгиж цалгиж байгаа сонин, сайт, телевизийн мэдээнээс хамаарах зүйл байна уу. Түүний үгийг ер нь хэн сонсдог юм. Жавхлан, Эрдэнэ хоёрт Тавантолгой, Оюутолгой падлий байна уу. Энэ бол мэдээллийн тэнцвэргүй байдал.
Үүнээс харахад Монгол улсад чөлөөт, үнэн, бодит мэдээллийн хомсдол, захиалгат, худлаа, төөрөгдүүлсэн мэдээллийн илүүдэл үүссэн нь илэрхий харагдана.
Одоо тэгвэл бид яах вэ. Миний бодлоор, даргын сонинг биш өөрийнхөө сонинг захиал. Даргын телевизийг биш өөрийнхөө телевизийг үз. Жинхэнэ бизнес утгаараа хөгжиж, дэвшиж байгаа бол таны сонин, таны телевиз. Таны тухай бичиж байгаа бол, таны үгийг нийтэлж байгаа таны сонин, телевиз. Тиймээс өөрийнхөө юмыг ялгаж салгаж сурцгаая.
Би бол “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонины сэтгүүлч хүн. Манай сонин бол даргын сонин биш, миний сонин, бас таны сонин. Би энэ нийтлэлийг иргэнийхээ хувьд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдэлж бичлээ. Та ч гэсэн манай сонинд захидал бичээрэй. Бас мэдээ өгөөрэй. Манай сонин үнэн бодит мэдээ, захидал болгоныг яг ингэж нийтлэх болно. “Үндэсний мэдээ” сонин багийн мэдээг, хорооны мэдээг, сумын мэдээг, дүүргийн мэдээг улс даяар түгээх болно. Даргаас айхгүй, танаас урвахгүй бичнэ ээ. Та нэг л удаа туршаад үзээрэй. Харин өөрийнхөө мэдээтэй сониноо заавал олж уншаарай.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжил, уул уурхайн баялгаасаа Монгол хүн бүр шударгаар хувь хүртэхийн тулд Мэдээллийн ил тод, тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Үүний тулд иргэн бүр сэтгүүлч байхыг “Үндэсний мэдээ” уриалж байна. 1990 оны өмч хувьчлал мэдээлэлтэй цөөнхөд баян, мэдээлэлгүй олонхид ядуу амьдрах хувь тавиланг 20 жилээр оноож өгсөн хуучин түүх шинэхэн хэвээр дурайж байна. Дараагийн хорин жил, хоёр зуун жил ямар хувь тавиланг эдэлж барах вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Ардчилсан Монгол улсын иргэн та ийм эрхтэй.
Үүний тулд Шинэ зууны шинэ Монгол хүн та мэдээллийн ил тод байдлыг тогтооход өөрийн хувь нэмрээ заавал оруулаарай. Гадаад дотоодын мөнгөтэй, мэдэлтэй дайснууд Монголын баялгийг хувааж идэхийн төлөө амиа ч хайрлахгүй улайрч байгаа энэ цаг үед “Үндэсний мэдээ” сонины санаачилсан мэдээллийн ил тод, тэнцвэртэй байдлын төлөөх хувьсгалыг иргэн бүр дэмжиж, ялалтанд хүргээсэй хэмээн ерөөе.
“Үндэсний Мэдээ” өдөр тутмын сонины
сэтгүүлч Ө.Мэргэндүү