logo
Исламын босогчид дахин Их Британийн иргэнийг хөнөөв

Исламын босогчид дахин Их Британийн иргэнийг хөнөөв

2014/10/06
Барьцаанд байсан Их Британийн иргэн Алан Хеннингийн толгойг тасдан зэрлэгээр хөнөөж буйг харуулсан бичлэгээ Исламын Улс гэж өөрсдийгөө тунхагласан зэвсэгт бүлэглэлийнхэн интернэтэд тавьсан байна. Таксины жолооч Хеннингийг өнгөрсөн 12-р сард Сири лүү тусламжийн бараа хүргэж явахад нь хулгайлж, исламын босогчид барьцаалаад байсан юм. Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн сард мөн л Их Британийн иргэн Дэвид Хэйнзийг хэрцгийгээр хөнөөж, Хеннингийг дараа нь хорооно хэмээн заналхийлээд байжээ. Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон алуурчдыг барьж, шүүхийн өмнө авчрахын тулд манай улс чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдээд байна. Мөн тэрээр хоёр хүүхдийн эцэг Хеннингийн аминд хүрсэнц нь Исламын босогчид хэр зэрлэг, жигшүүртэй болохыг харууллаа хэмээжээ. Үүнээс өмнө Хеннингийн эхнэр Барбара нөхөр нь ямар ч буруугүй учраас түүнийг суллахыг барьцаалагчдаас хүссэн аж. Ямартай ч исламын босогчдын гаргасан бичлэг жинхэнэ эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд аллагыг үйлдсэн эрэгтэй өмнөхтэй адил англи аялгатай байсан гэж BBC мэдээллээ.

"ИСЛАМЫН УЛС"-ЫГ ТУНХАГЛАСАН ХҮМҮҮС ХЭН БЭ?

- 2013 онд Ирак дахь Ал-Кайда бүлэглэлээс салбарлаж үүссэн бөгөөд хамгийн анх Сирийн зүүн хэсгийн Ракка хотыг эзэлжээ.
- Өнгөрсөн 6-р сард Иракийн газар нутгийн томоохон хэсгийг эзэлж, улмаар Сири, Ирак дахь өөрсдийн хяналтандаа оруулсан газар нутагтаа Халифат буюу нэг удирдагчтай исламын улсыг байгууллаа хэмээн өөрсдийгөө тунхагласан.
- Исламын Суннитын урсгалын маш туйлширсан үзлийг баримталдаг ба исламын бус шашинтай хүмүүс, Христэд итгэгчид, Шийтүүдийг тэрс үзэлтнүүд хэмээн үзэж, амийг нь хэрцгийгээр хороосон.
- Цэргүүд, барууны сэтгүүлчид, тусламжийн байгууллагын ажилтнуудын толгойг тасдан хөнөөсөн.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш