logo
Хонгконгийн жагсагчид тэмцсээр байна

Хонгконгийн жагсагчид тэмцсээр байна

2014/10/06
Хонгконгийн төв хэсэгт эсэргүүцлээ илэрхийлж буй ардчиллыг дэмжигч идэвхтнүүд болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Эсэргүүцлийн жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт болсон цуглаанд олон мянган хүн оролцжээ. Тус өдөр Хонгконгийн ерөнхий захирагч гол замуудыг нээж, сургуулиуд болон төрийн захиргааны газруудын хэвийн ажиллагааг хангах нь хамгийн чухал байна гэж мэдэгдсэн байна. Түүнийг мэдэгдэл хийхээс өмнө гудамжинд эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор засгийн газар болон жагсагчдын яриа хэлэлцээг хойшлуулсны зэрэгцээ цагдаа нар зодоонд оролцсон 19 хүнийг баривчилжээ. Эргэн сануулахад, Хятадын эрх баригчид 2017 оны Хонгконгийн ерөнхий захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгоход оролцохоор төлөвлөснийг идэвхтнүүд эрс эсэргүүцэж байгаа юм.

Хонгконгийн ардчилалын түүх
•    1997: Их Британи 1984 оны гэрээний дагуу Хонгконгийг Хятадын талд шилжүүлж, 50 жилийн турш "өндөр түвшний автономит эрх" олгосон.
•    2004: Эх газрын Хятадын эрх баригчид Хонгконгийн сонгуулийн хуульд ямар ч өөрчлөлт оруулах эрхтэй байх ёстой гэж мэдэгджээ.
•    2014 оны 6-7-р сар: Ардчилалыг дэмжигч идэвхтнүүд улс төрийн шинэчлэлийн талаар бүх нийтийн албан бус санал хураалт явуулж, хоёр тал томоохон жагсаал хийв.
•    2014.08.31: 2017 онд шууд сонгууль явуулахыг зөвшөөрнө гэж Хятадын тал мэдэгдсэн ч нэр дэвшигчдийг урьдчилан батална хэмээжээ.
•    2014.09.22: Оюутнууд 7 хоногийн турш хичээлээ бойкотлов.
•    2014.09.28: Occupy Central хөдөлгөөн болон оюутнууд нэгдэж, Хонгконгийн төв хэсгийг эзэлсэн.
•    2017: Хонгконгийн ерөнхий захирагчийг сонгох шууд сонгууль болно.
•    2047: Одоогийн гэрээ тохиролцоо дуусгавар болно.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш