logo
Ерөнхий сайдын байр суурийг дэмжлээ

Ерөнхий сайдын байр суурийг дэмжлээ

2014/10/07

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2014.10.06/ ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хуралдаан эхэлснээс хойш Ардчилсан намын бүлэг хоёр дахь  удаагаа хуралдаж байгаа юм.  Хоёр удаагийн хуралдаанаар ямар асуудал  хэлэлцэж шийдвэрлэсэн талаараа өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдэд мэдээллээ.

“Эзэн 100”  хөтөлбөрийн хүрээнд зорьсон ажлаа хангалттай  хийсэн гэж дүгнэлээ

УИХ-ын намрын чуулганы хуралдаан  эхэлмэгц хуралдсан Ардчилсан намын бүлгийн анхны хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн  биелэлтийн талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонссон юм.  Эдийн засгийг идэвжүүлэх “Эзэн 100”  тогтоолын  төслийг тойрсон  олон санаа өнцөг  байгаа ч  нэн түрүүнд эдийн засгийн идэвхжлийг сэргээх эрхзүйн болоод суурь нөхцлийг бий болгохыг зорьсон  болохыг бүлгийн дарга онцоллоо.  Бүтээн байгуулалтын гол ажлуудыг дуусгах, валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах , экспортыг жигдрүүлэх зорилт тавьж ажилласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын мэдээллийг сонсч 100 хоногийн хугацаанд  зорьсон ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэлээ.

Төсөв эдийн засгийг сайжруулах нь чухал,  эсвэл бүтцийн өөрчлөлт болоод “Эзэн 100” хөтөлбөрөөр далимдуулж Засгийн газартай ярих гэж байна уу гэх сонирхолоо тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал чухал гэж ярьдаг хэр нь ярьснаасаа эсрэг хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй гэдгийг тэрбээр мөн хэлж байлаа. Харин улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллахын тулд Хаврын чуулганы төгсгөлд Ардын намын бүлэгтэй УИХ-ын төвшинд ойлголцохын тулд байнгын хорооны гишүүдэд  өөрсдийн гишүүдийг суллаж өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг Д.Эрдэнэбат дарга  энэ  үеэр  хэлсэн юм.

Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

“Эзэн 100” хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байх юм бол  Засгийн газраа яахыг дотооддоо шийднэ. Нөхцөл байдалдаа тохирсон бүтцийн өөрчлөлтийг хийх нь эрүүл үзэгдэл гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцийн тухай  асуудлыг  Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд УИХ-д  оруулж ирсэн.

Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсөлдөө Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай, Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэж, нийт 13 яамтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийг нийгмийн, улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон өөрчлөлт хэмээн бүлгийн дарга онцоллоо. Мөн ийм бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан нь олон нийт болоод сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн шүүмжлэлтэй холбоотой.. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн хугацаанд эдийн засаг хүнд байна, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой гэсэн шаардлага тавьж байсан төдийгүй Монгол Улс хоёр төсөвтэй боллоо, хөрөнгө оруулалтыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулсан нь буруу.  Чингис, Самурай бондын хуваарилалт муу байна гэхчлэн олон шаардлагуудыг тавьж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтаа, сангаа нэг талдаа гаргах, нэг төсөвтэй болохын тулд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн Эрчим хүч, Уул уурхайн яамууд нь хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид боловч хоорондын уялдаа холбоогүйгээс тендэр шалгаруулалт удааширч, уул уурхай байгуулах газраа эрчим хүч нь байх уу үгүй юу гэдгээ шийдэж чадахгүй удааширч байна. Энэ бол бүтэцтэй холбоотой гэсэн шүүмжлэл их байсан.  Энэ дагуу нэгтгэх нь зөв хэмээн үзсэн байна.

Цөөнхийн бүлгээс шаардаж байгаа учраас  нийгмийн халамжийн яамдыг нэгтгэх зохицуулалт хийж болох байсан ч нийгмийн халамж, нийгмийн хамгаалал тусдаа байх ёстой гэсэн шаардлага тавж байсан. Мөн Соёл, спорт аялал жуулчлалын яамыг бие даан цааш нь ажиллуулах шаардлага бий. Гурван сая хүн амтай, өргөн уудам нутагтай улсын хувьд өв соёлоо хамгаалах бодлогын яамтай байх ёстой гэж үзжээ. Эцэст нь бүтцийн өөрчлөлтийг УИХ-аас баталсны дараа хэнийг сайдаар томилохоо бүлгээрээ, УИХ-аараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн шийдэлд хүрсэн  тухайгаа мэдээллээ.

Д.Эрдэнэбат: Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар асуудал шийдэгдэнэ

 Мэдээллийн дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултанд хариуллаа

-“Эзэн 100” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлыг хангалттай гэж дүгнэх ямар үндэслэл байгаа юм бэ? Тухайлбал, инфляци өсөлттэй, худалдан авах чадвар муудсан байна шүү дээ. Хангалттай гэж дүгнэсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй гэсэн үг үү?

-Эдийн засгийг идэвхжүүлэх “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг зорилго болгосон. Энэ хүрээнд тавьсан ажлаа бид ярина. Өнөөдөр тулгамдсан эдийн засгийн хүндрэлийн буруутанг хайх юм бол олон жилийн өмнөх зүйлийг ярих болно. Харин энэ нь бидний өнөөдрийн эрх ашиг биш гэж үзэж байна.Экспортын орлогын хомсдол болоод эдийн засгийн хараат болсон асуудлыг бид шүүж шүүмжилж, бие биеэ буруутгах нь маш их хугацаа зарна. Хамгийн гол нь өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар ажил хийсэн нь чухал. Тиймээс “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд маш тодорхой байна. Жил гаруй зогсонги байдалд байсан экспорт жигдэрсэн. Нүүрс олборлолт, цэсийн баяжмал бүтээгдэхүүний экспорт жигдрэх нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Валют, алтны нөөц нэмэгдэж, Тавантолгойн ордыг дагасан бүх уурхайнуудын ажил, Оюутолгойн далд уурхай болон баяжмалын борлуулалт нь хэвийн болж байгааг амжилт гэж үзэж байна. Харин үүнийг харах хүн болгоны харах өнцөг өөр өөр  байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

-Сэлгэгдэж  байгаа сайд нарыг УИХ-ын гаднаас  тавих ёстой.  Дан давхар дээлний асуудал энэ үеэр тавигдаж байна?

-Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сайд нарын томилгооны асуудлыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд  оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хуучин байсан сайд нараа  чөлөөлж, шинээр томилогдож буй сайд нараа санал болгоно. Дан, давхар дээлийн асуудлаар бид их ярьдаг. Дахин хэлэхэд Монгол Улс өөрийн гэсэн  хууль тогтоомжтой. Тиймээс өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар асуудал шийдэгдэнэ. Ардчилсан  орон хуулиа мөрдөхгүй, хүн болгоны хэлснээр, хэлсэн бүхэн  нь хууль болох юм бол бид хаашаа явах вэ. Тиймээс хуулийн дагуу асуудлыг шийднэ.

-“Шударга ёс” эвсэлд дөрвөн яам байгаа. Ямар байдлаар тохиролцож байгаа вэ?

-Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн хооронд хийгдсэн гэрээ байдаг. Үүнд засаглалын хуваарилалтын дурьдсан зүйл заалт байгаа. Тэр зүйл заалт өөрчлөгдөхгүй гэдгийг Ерөнхий сайд нотолсон. Гэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь хэн нэгэн  сайдын тухай асуудал биш гэдэгтээ ойлголцсон гэж бодож байна.  Бүтэц яригдсаны дараа харьцаа хэвээр хадгалагдах байх.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш