Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой гэдгээ МАН-ын бүлэг удаа дараа мэдэгдэж байгаа. Энэхүү байр сууриа ч хэвлэлийн бага хурлынхаа үеэр мөн дахин тодотголоо. Бүтцээр далимдуулж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд нарыг хариуцлагаас зугтаалгаж болохгүй гэж үзэж буйгаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолж, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг өргөн мэдүүлэхдээ зарчмын тодорхой шаардлагуудыг баримтлахыг Ерөнхий сайдад сануулав.
Юуны өмнө Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүрэлдэхүүнд "давхар дээл"-гүй мэргэжлийн хүмүүсийг санал болгох, ажлаа хийж чадахгүй хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, салбарынхаа ажлыг унагасан сайд нарыг дахин оруулж ирэхгүй байхыг санууллаа. Ингэхдээ тэрээр эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, төсөв санхүү, соёл, спортын салбар хариуцаж байгаа сайд нарыг өөрчлөн оруулж ирэх шаардлагатайг онцолсон юм.
Үүний зэрэгцээ хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, МАН-ын бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн төсвийн хэмнэлтээс бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэж уг шаардлагад тусгажээ. МАН-ын бүлгээс өгч байгаа энэ шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэдгээ ч мэдэгдэв.