logo
Орос Монголын байр солигджээ

Орос Монголын байр солигджээ

2011/09/19
Ерөнхий сайдын Эрхүүд хийсэн айчлалын үеийн цогц сурвалжлага
  Дэлхий нийтээрээ аюулгүй эрчим хүчийг хөгжүүлэхэд Монгол Улс  дуу хоолойгоо нэгтгэсэн
Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалт 11 дэх жилдээ энэ сарын 11-14-ний хооронд ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хотод зохион байгуулагдлаа. Олон улсын чуулга уулзалт энэ удаа эрчим хүчний асуудлыг хөндсөн . Аюулгүй эрчим хүчийг хөгжүүлэх сэдвийн дор болсон чуулган Алс Дорнод болон Сибирийн бүс нутаг, Европын орнуудын өмнө тулгамдаад байгаа аюулгүй эрчим хүчийг дэмжих, уранаас татгалзах явдал чухлаар тавигдаж буй цаг үед болсоноороо онцлог байв. Энэхүү чуулганд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Дэлхий нийтээрээ аюулгүй эрчим хүч хэрэглэхэд дуу хоолойгоо нэгтгэсэн юм. ОХУ нефть экспортлох хэмжээг нэмэгдүүлж хийн хоолойгоор хөрш зэргэлдээ улс болон Ази, Европын улс орон руу түлхүү анхаарч буй нь аюулгүй эрчим хүчийг хэрэглэхэд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж байгааг чуулганд олон хүн тэмдэглэн хэлсэн. Европын орнууд аюулгүй эрчим хүчийг хөгжүүлэх нь тэдний хувьд хамгийн хурцаар тавигдаж буй асуудал. Эрчим хүчний салбар хуралдааны модератораар УИХ-ын гишүүн С.Баяр ажилласан. Хятад болон Азийн бусад оронд хийн хоолойгоор нефть экспортлоход манай орноор дамжин өнгөрүүлэх нь эдийн засгийн болоод аюулгүй байдал талаас онц ач холбогдолтойг эдийн засагчид тооцоолдог. Тиймээс энэхүү эдийн засгийн форумын  модератораар монгол хүн ажилласан нь энэ асуудалд нухацтай хандахын илэрхийлэл юм.
Чуулганд 27 орны 2000 төлөөлөгчид оролцсон. Долоо дахь удаагаа чуулж байгаа олон улсын хурал бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд болсон. Тус чуулган ОХУ-ын Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн  эдийн засгийн хөгжил, байр суурийг чуулган тодорхойлсоор иржээ. 2004 оноос эхлэн Шанхайн хамтын ажиллагааны болон Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны төлөөлөгчид оролцож эхэлсэн байна. Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд энэ удаад УИХ –ын зарим гишүүд, бизнесийн төлөөлөл, соёл урлаг, хэвлэл мэдээллийн гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Харин БНХАУ-ын Бүх Хятадын Байнгийн хорооны эдийн засгийн хорооны комиссын дарга Ши Сю Ши 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бол  Францын Гадаад худалдааны сайд Ф.Леллуш Малайзын Улсын Их Хурлын дарга Абу Захар Уджанк ирсэн зэргээр олон орон чуулганд ач холбогдол өгсөн байв. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Дорнод Сибирээс Төрийн ДУМ-д төлөөлөгчөөр сонгогдсон, ОХУ-ын ДУМ-ын гишүүн С.С Журова, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Нэгдүгээр орлогч А.П.Торшин нар чуулганд оролцож үг хэлсэн. Чуулганыг Эрхүү мужийн  захирагч болон Засгийн газрын тэргүүн Д.Ф.Мезенцев нээсэн. Тэрээр “Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа Байгалийн эдийн засгийн олон улсын чуулганд  оролцож буй орон орны төлөөлөгчдөд энэ өдрийн мэнд хүргэе. Байгалийн олон улсын чуулганаас гарах шийдвэр олон сая хүний аж амьдралд чухал нөлөөтэй.  Энэ удаа байгальд ээлтэй эрчим хүчний асуудлыг хөндөн ярилцаж байгаагаараа онцлог юм. Мөн Шанхайн олон улсын  хамтын ажиллагаа, бүс нутгийн орнууд, Европын улс орон гээд олон орны төлөөлөгчид идэвхитэй оролцож байна” гэв. Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт чуулганд оролцож, бусад орны төлөөлөгчдөөс хамгийн эхэнд үг хэлсэн билээ. Хил залгаа хоёр хөрш Байгаль, Хөвсгөл гэсэн сайхан нууруудаар хүйн холбоотой. Онгон сайхан нуурууд жуулчдын сэтгэлийг татахгүй байхын аргагүй. Харин нууруудыг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг манай улсын ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү мужид болсон Байгалийн эдийн засгийн  олон улсын чуулга уулзалтад онцолсон. Тиймээс ирэх жилийн Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтын гол сэдэв бүс нутгийн хөгжлийн  нэгэн гарц болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх сэдэвтэй байх саналыг гаргалаа. Хоёр орны худалдаа сүүлийн таван жилд дунджаар 50 хувиар өсч, өнгөрсөн онд нэг тэрбум хүрсэн нь 1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Цаашид улам нэмэгдүүлэх боломж бий гэдгийг хэлэв. Тиймээс найм дахь чуулганыг аялал жуулчлалын сэдвээр хийх саналыг дэвшүүлсэн. Байгаль нуур, Хөвсгөл далай бол байгалийн маш үзэсгэлэнтэй газар төдийгүй аялал жуулчлалын боломжтой бүс нутаг. Монгол, Орос улс аялал жуулчлалын хөтөлбөрийг уяалдуулж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хамтдаа бие биенээ нөхөж, дэд бүтцийг бий  болгох боломж байна гэв. Чуулган эдийн засгийн чуулганы салбар хуралдаанаар үргэлжилсэн. Манай улсаас тус чуулганд УИХ-ын гишүүн С.Баяр, Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Улаанбаатар Төмөр замын дарга Т.Очирхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Монголын урлагийн тоглолт Эрхүүгийн төв театрт 20 жил тоглоогүй аж. Харин эдийн засгийн чуулганы энэ өдрүүдэд монгол урлагийн тоглолт чуулганы 2000 гаруй төлөөлөгчийн сэтгэлийг хөдөлгөсөн.
Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай болгоход хоёр тал анхаарч ажиллахаар боллоо
345 жилийн ойтойгоо золгож байгаа Улаан-Үд хотод Монгол Улсын ерөнхий сайд зочилсон. Буриад улсын ерөнхийлөгч В. В.Наговиц, Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд нар уулзаж хоёр орны хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл  ажиллагааг сайжруулах ажлын хэсгийг байгуулж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл Наушка, Алтанбулагийн хилээр хэд дахин дарамтанд ордог бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх алхамыг хоёр улс хийх юм. Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Энэ бүс нутагт хоёр улсын худалдааны эргэлтийн 70 хувь нь ноогддог аж. Сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж буй нааштай үзүүлэлт гарч эхэлснийг манай ерөнхий сайд, Буриад улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэр хэлсэн. Бараа эргэлт нэмэгдэхийн хирээр ачаа тээвэр шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах, түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ асуудал хоёр орны анхаарлын төвд байна. Буриад улсын ерөнхийлөгч В.В. Наговиц хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, хууль тогтоох дээд байгууллагад уламжилахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Монголоос Буриад  руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Монголын аж ахуйн нэгжүүд Буриадын нутагт хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Тухайлбал, хөргөлтийн агуулах барих болсон нь Монголоос мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх ажээ. Мөн Иргэний нисэхийн байгууллага Улаан-Үдэд засвар үйлчилгээ хийж, жижиг оврын онгоц худалдан авах гэрээ хийх сонирхол бүхий хувь хүн байгууллага бий болж буйг онцолсон. Аялал жуулчлалын салбарт хоёр талд өргөн боломж байгааг Буриадын ерөнхийлөгч баяртайгаар мэдэгдсэн.
 
Улаан-Үд дэх Монголын ерөнхий консул ажлаараа хоёрт жагсдаг
Улаан-Үд дэх Монголын ерөнхий консулын 20 жилийн ойд хоёр орны төр засгийн удирдлагууд оролцсон. 1991 онд Улаан-Үдэд Монголын ерөнхий консулийн газар байгуулагдсан аж. Консулын барилгыг монгол барилгачид барьжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд долоон эрхэм Монгол улсын нэрийн өмнөөс ерөнхий консулын албыг хашжээ. Одоо ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод суугаа Монгол улсын ерөнхий консулаар Л.Жавзмаа ажиллаж байна. Үе үеийн консулууд баярт оролцож, Монгол Буриадын хамтарсан урлагийн мастеруудын тоглолтыг Буриадын төв театрт үзэж сонирхсон. Буриадын ерөнхийлөгч манай консул Л.Жавзмаад байгалийн үзэсгэлэнг харуулсан уран зураг бэлэглэж, зарим дипломатчидад өргөмжлөл гардуулсан. Энэ үеэр ерөнхий консул Л.Жавзмаа “ Манай хоёр орон эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, туршлага солилцох гэсэн гурван зүйл дээр хамтран хөгжих ёстой. Манай байгууллага жилд арван мянган хүнд үйлчилж байна. Яамны системд 34 байгууллага бий. Манайх ажлаараа хоёрдугаарт ордог” гэв. Монгол Буриадын гадаад худалдааны эргэлт 60 сая ам.долларт хүрчээ. Экспортын бараа эргэлтийг хоёр тал нэмэгдүүлэхэд хамтран ажилласан. Үүний үр дүнд малыг хөлөөр нь гаргаж байсан туршлагаа  сэргээх талаар төрийн хэмжээнд нөлөөлж  чаджээ. Ингэснээр өнгөрсөн онуудад 900 гаруй толгой мал гаргажээ. Манай улсын арван аймагтай Буриад улсын аймгууд хиллэдэг. Хил залгаа боомтуудыг хаалгүйгээр, өргөжүүлэх ньхоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд үр нөлөөтэйг онцолсон. Улсынхаа ерөнхий консулын газарт Монгол Улсын ерөнхий сайд зочилж гарын бэлгээ гардуулсан. “Цаашид манай хилийн боомтуудын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна “ гэж Ерөнхий консул Л.Жавзмаа ярьсан.
Эрхүү мужийн  Белореченскийн хөдөө аж ахуйн цогцолбор манайд махны үйлдвэр байгуулах санал тавьсан
Монголчууд Орос ах нартай хамтран мах боловсруулах үйлдвэр байгуулж байсан. Харин энэ уламжлалаа дахин сэргээх саналыг Оросууд манай талд тавилаа. Эрхүү мужийн Белореченскийн хөдөө аж ахуйн цогцолбор манай улсад өндөг экспортолдог. НВЦ компани гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулдаг гэж үйлдвэрийн захирал Г.С.Франтенко  ярьсан. Энэхүү үйлдвэр мах боловсруулж, төмс экспортлохоос гадна тахианы аж ахуй, сүүний чиглэлийн үнээний фермтэй иж бүрэн цогцолбор ажээ. Ниийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Эрхүү хотоос 100 кмт орших хүнс, хөдөө аж ахуйн цогцолборт зочилсон. 15 жилийн турш Улаанбаатар хотын зах зээлд өндөг нийлүүлж буй үйлдвэрийн зорилго Монгол Улсад дэлхийн стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр байгуулах явдал. Белореченскийн үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллахад Эрхүү мужийн 50 хувийг хангадаг. Хэрэв Монгол Улсад махны үйлдвэр байгуулвал хөрш орноос мах импортлох боломж нээгдэнэ. Монголчууд Эрхүүгийн махны хэрэгцээний 50 хувийг хангах болно. Тус үйлдвэрт 3000 хүн ажилладаг. Сарын дундаж цалин 20 мянган рубль аж. Энэ нь өндөр цалинтай үйлдвэрийн тоонд  багтдаг гэнэ. Манай төлөөлөгчид хиамны цехтэй танилцсан. Монголын мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д оруулахад шийдэж чадахгүй асуудал байдаг. Монголд малын өвчин гарсан тай холбоотой аж. Манай хоёр орны хооронд махыг халуун аргаар боловсруулсан тохиолдолд оруулах бололцоо бий. Энэ хүрээнд хамтран ажиллах талаар сонирхолтой хэмээн санал тавилаа.  Бодит бололцоо нээгдэнэ гэдэгт олон хүн чих тавина. Улаан буудай экспортлох талаар ч мөн санал тавьсан. Ийнхүү ОХУ-аас манайд мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болж буй нь сүүлийн 20 жилд байгаагүй шинэ сэргэг үйл явц. Ингэхээр Орос Монголын байр суурь солигдсон гэлтэй. Энэ нь нэг талаар  Монгол махны чанарыг үнэлсэн. “Европын орнуудад түүхий мах экспортлоход Монгол Улс стандартад нийцэхгүй. Тиймээс хугацаа хожихын тулд үйлдвэр байгуулах нь хугацаа хожих ач холбогдолтой“ гэж  ХХААХҮЯ-ны мэргэжилтэн хэлсэн. Ингэснээр хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих нь дамжиггүй.

Орос Монголын байр солигджээ

 “Тальцы” байгалийн  музей цогцолборт болсон хүндэтгэлийн үйл ажиллагаа бусад орны төлөөлөгчид ирсэн байхад зөвхөн Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдыг гэргийн хамт ирэхийг хүлээн эхлэх цаг нь хэтэрсэн. Энэ нь үнэхээр Орос  Монголын байр солигджээ гэдгийг илтгэх мэт.
Эрхүү мужийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг бол “Тальцы” байгалийн музейн цогцолборт газар. Байгалийн эдийн засгийн олон улсын чуулганы үеэр Эрхүүгийн гудамж эл хуль, машин тэрэг ховор байв. Энэ нь төр засгийн томчуудыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд энд тэдгүй зам хаасантай холбоотой аж. Нөгөө талаар Эрхүүгийн ихэнх хүмүүс “Тальцы” –д очсон уу гэлтэй. Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад  оролцогчдыг  хүндэтгэн зоог барьсан. Манай улсын Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяа, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт оролцсон. Оросын үндэсний ёс заншил болох загас барих, утах, шарах аргыг энд харуулсан. Мөн үндэсний хувцсаараа гоёсон  хүүхнүүд  талх тариагаа барьж, харчууд нь сэлмээ эргүүлэн дуулж бүжиглэсэн. Ангар мөрний эрэг дагуу  хосууд “Школный вальс” хэмээх чихэнд хоногшсон сайхан аялгуунд  вальс эргэж олон зуун бөмбөлөг хөөргөсөн торгон мөчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрхүү мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев нар хүндэтгэлийн тавцанд гарч баяр хүргэж үг хэлсэн.Оюутан ахуй цагаасаа орос оронд сурч, бизнесийн гараагаа эхэлж орос хэв маягт дасч хүмүүжсэн манай ерөнхий сайдын хувьд түүний сэтгэлийг сэргээсэн, олон сайхан дурсамжуудыг хөндсөн үйл явдал болсон гэдэг нь илт. Түүний гэргий Х.Отгонтуяа ч мөн орос хэлээр цэвэрхэн ярьдаг, хувцасласан байдал, гоо үзэсгэлэнгээрээ монгол хатагтайн байр суурийг илэрхийлж чадсан. Алс Дорнодоос ОХУ-ын Думд сонгогдсон улсдаа нэлээд нэр нөлөө бүхий эмэгтэй болох С.С Журова манай ерөнхий сайдын гэргий дотно танилцаж, түүнд Гоёо брэндийн ногоон өнгийн ноолууран ороолт бэлгэлэсэн нь намрын сэрүүн орж хүйтэн агаар үлээсэн Ангар мөрний тэр үдэш зохисон бэлэг харагдсан. Голоос загас барих тэмцээн зохиож түүнд орон орны төлөөлөгчид оролцсон. Манай ерөнхий сайд гэргийн хамт загасчны хувцас өмсөж голоос загас шүүрдсэн. Загас шүүрдэхийн хажуугаар Эрхүү муж 350 жил гэсэн ойн медаль олж азаа сорих сонирхолтой даалгавар өгөгдсөн байв. Дугай хэлбэртэй монетан зоосыг манай ерөнхий сайд хамгийн түрүүнд олж, олныг алмайруулж одтой хиймортой гэдгээ харуулсан билээ. Оросууд эртнээс нааш халуун ваннд орж алжаал ядаргаагаа тайлдаг уламжлалтай. Хошин шог хэлбэрээр эхэлсэн халуун ваннд орох ёс заншил шуугисан олныг нам болгов. Ванны алчуураар биеээ ороосон эмэгтэйчүүд уур савссан ваннд орж навчаар биеэ ороолгож хөгжилдсөн. Мөн энд тэндгүй гутлын тах хаддаг гуталчид, тариа ногоогоо тарьж хурааж буй тариачид, шар айраг эсгэдэг арга технологио зааж зочид төлөөлөгчдийг үйсэн грушикт хийсэн шар айргаар дайлж байв. Модны ур, үйсэн урлагийн гайхамшгийг харуулсан төрөл бүрийн сувенирүүд олны нүдийг баясгаж, зочид ч гар таталгүй авч байсан. Оросын хуримын ёслол өвөрмөц байлаа. Гэрлэсэн хоёр хосын хуримын гэрчээр манай ерөнхий сайд С.Батболд, Эрхүү мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев нар оролцож хос хоёрт сайн сайхныг хүсэн ерөөсөн билээ. Энэ бүх ёс заншил, хүндэтгэлийн үйл ажиллагаа Эрхүү мужийн 350 жилийн ойн арга хэмжээний нэг хэсэг нь байв. Олон орны төлөөлөгч дундаас манай ерөнхий сайд энэ үдэш уг үйл ажиллагааны хамгийн хүндтэй зочин байлаа. УИХ-ын гишүүн С.Баяр, Б.Чойжилсүрэн нарыг Орос андууд нь халуун дотноор тэврэн авч хүндэтгэж байсан. Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд  Эрхүүгийн ард түмэнд сувдан  уньтай, соёмбон баганатай, битүү сийлбэртэй найман ханатай гэр, Амбан захирагч Д.Ф.Мезенцевт Чингисийн баатруудаар урласан алтан шатар бэлэглэсэн. Энэ мөчид Монголын уртын дуу хадаж, гоо үзэсгэлэнт Монгол охид үндэсний хувцасаараа гангарч, морин хуурын эгшиг уянгалж, үндэсний урлагийн тоглолт хурсан олныг алмайруулсан. Энэ бүгдээс ажихад Орос, Монголын байр солигдож, манай улсын байр суурь Орос ах нарт улам илүү үнэтэй болжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлж байлаа.
Ц.Мягмарбаяр
www.shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш