logo
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ сайд нар томилох асуудлаар чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ сайд нар томилох асуудлаар чиглэл өгөв

2014/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ сайд нар томилох асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзаж чиглэл өгөв. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцов.

УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр хоёр бүлэг зүйлийг онцолсон юм. Нэгд, Засгийн газрын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт сая хэллээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох тухай асуудал яригдах юм байна. Хариуцлагатай холбоотой асуудал, бие биедээ хяналт тавих боломжийг бид нар энэ цаг мөчөөс эхэлж бүрдүүлэх хэрэгтэй. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй.

УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж  үзэж байгаа. Миний оруулах хууль бол Засгийн газрын гишүүн болгон УИХ-ын гишүүн байх шаардлагагүй, энэ хоёр ажлыг хавсарч болохгүй гэсэн байр суурьтайгаар оруулна. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Би ч Ерөнхий сайдаар өмнө нь ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн биш байсан. Тэгж ажиллаж болдог. Бид өмнө нь явж байсан нөхцөл байдлуудаа харж дүгнэж байгаад ерөнхий зарчим ярих ёстой. 

Манай зарим дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Байгаа хуулиараа явна. Түүгээрээ шийднэ” гэж байгаа. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж хэрэгжүүлээд явъя. Ийм боломж байгаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт болохгүй хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай холбоотой мэдээллээ хийгээд Засгийн газрын шинээр томилогдох гишүүн УИХ-ын гишүүн биш байх талаар бүлгүүд өнөөдрийн дотор багтаж байр сууриа илэрхийлээч гэсэн ийм хүсэлтийг би тавьж байгаа юм. Та бүхэн бүлгүүдээ хуралдуулж энэ асуудлыг яриагүй нь яриад илэрхийлэх хэрэгтэй. Бүгдээрээ дахин дахин ярилцаад шийдье. Нэмж хэлэхэд шинээр томилогдох сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар надад УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ч ярьсан зүйл бий. Тийм учраас “Энэ бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөнхийлөгч энэ талаар ярьсан байхад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын гишүүдээ уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш