Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай санал солилцох уулзалт хийлээ.
Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг хариуцуулж, хөрөнгө оруулалтын зардлыг тэглэжээ. Энэ нь тооцоолж буйгаар нийслэл жилдээ 340 гаруй тэрбум төгрөгийг дээрх байгууллагын цалинд зарцуулахаар байгаа. Харин нийслэлийн өдөр тутмын ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд ямар ч хөрөнгө тусгаагүй бөгөөд нийслэлд иргэдээс төвлөрүүлдэг албан татваруудыг 2 дахин нэмэгдүүлж, хөрөнгө босгох чиглэл өгсөн байгаа юм. Монгол Улсын Засгийн газар энэ төсвийн төслөө орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох бодлогоор боловсруулсан гэж тайлбарлаж байгаа бол нийслэлийн удирдлагууд эсрэг байр суурьтай байна. Уг төслийг УИХ-д өргөн барихаас өмнө нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж удаа дараа асуудлыг ярьж, тайлбарласан ч нөхцөл байдлыг үл харгалзан дээрх төслийг өргөн барьжээ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргийн удирдлагуудтай уулзаж, дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд асуудал тавьж, тус төслийг батлахгүй байх хэрэгтэйг анхаарууллаа.
Хэрвээ энэ төслийг УИХ-аар баталвал 2015 оны 1-р сараас багш, эмч нар, соёлын байгууллагын ажилтнуудын цалинг нийслэл олгож чадахгүйд хүрч, 1-р улиралд 71, 2-р улирал гэхэд 105 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орно гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн юм.
Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлж, ийм төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр гайхаж байна. Үндсэндээ энэ төслийг баталвал хот дампуурч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөр шууд зогсоно гэдгийг Засгийн газрын тэргүүнд учирласан. Гэвч цалин, тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэхгүй байж иргэдээс авдаг авто тээврийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг 2 дахин нэмэгдүүлж, хотын татварыг бий болгон хөрөнгө босгох чиглэл өгч байгааг бид эсэргүүцэж байна. Нийслэл гэдэг их айлын иргэн бүрийн төлөө бид ажиллаж байгаа. Тиймээс тэдний эрх ашгийн төлөө цаашдаа ч тууштай ажиллах болно. Ийм хүнд ачааг зүгээр хараад үүрэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ. Мөн “Энэ хүнд байдлаас гарахын тулд УИХ-ын гишүүд уг төсвийн төслийг батлахгүй байх ёстой. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүд Улаанбаатар хотыг аврах уу, дампууруулах уу гэдгийг одоо л харна” гэдгийг тодотгон хэлсэн юм. Дүүргийн удирдлагууд ч өөрсдийн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд энэ асуудлаар хандана гэдгээ илэрхийллээ.
Нийслэл өнгөрсөн жил төсвийн орлогоо 16 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн бол өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөв 30 тэрбум төгрөгөөр тасарчээ. Энэ нь орлоготой, цалинтай иргэдийн тоо буурсантай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс ийм үед нийслэлийн бүтээн байгуулалтыг зогсоож, төсвөөр дарамтлах шийдвэрийг УИХ-аас гаргахгүй гэж хотын удирдлагууд найдаж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.