logo
Э.Бат-Үүл: Замын ажлын хурд, бүтээмж нэмэгдсэн

Э.Бат-Үүл: Замын ажлын хурд, бүтээмж нэмэгдсэн

2014/10/11

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд хийгдэж байгаа  замын ажлын явцтай биечлэн танилцлаа. Хамгийн түрүүнд саяхан зорчих хэсгээ нээсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа Бээжингийн гудамжны ажилтай танилцсан юм. Тус гудамжны 0,9 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй,  74 метр урт гүүрбарих ажил үргэлжилж байна. Цаг агаар хүндрэхгүй  бол тус замыг 10 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.Гэрээнд зааснаар бол 11 дүгээр сарын 31-нд дуусах байсан ч сарын өмнө хүлээлгэн өгөх гэж  байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс онцоллоо.

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол зам Дүжингарав захаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км хоёр эгнээтэй 14 метр өргөнтэй замын ажил энэ сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацааг сунгаж, 10-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Явган хүний зам, 3 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг давхар хийж байна. Энэ зам ашиглалтад орсноор хотын зүүн чиглэлийн урсгалд голлох нөлөө үзүүлэх юм.

Концессын анхны гэрээгээр баригдаж байгаа Өлзийт хорооллоос Биокомбинат хүртэлх 9 км замын ажил 6-р сарын 20-доор эхэлсэн одоо 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. “Ди Ар Жэй” компани ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жил суурийн ажлаа дуусгаж, ирэх онд өнгө хучилтхийх юм.
Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто зам 99,2 урт метр гүүрийн ажлын ихэнх хэсэг хийгдэж дуусчээ. “Тотал инж” компанийхан ажлаа төлөвлөсөн хугацаандаа буюу энэ сардаа багтаан дуусгана гэж хотын даргад хэллээ. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм.

Нийслэлд хийгдэж байгаа бас нэгэн том бүтээн байгуулалт бол Гудамж төслийн хүрээнд хийгдэж байгаа Сонсголонгийн уулзараас Нисэхийн уулзвар хүртэлх 5,5 км замын ажил. Энэ нь ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч шинэ техник ашиглан тавьж байгаа 60 жилийн настай, анхны бетон хийцтэй зам юм. Санхүүжилтийн хувьд өндөр өртгөөр баригдаж, том оврын машин явахад зориулагдсан. Гүйцэтгэгчээр “Арц суварга” компани ажиллаж байгаа бөгөөд Японы Ситлай компани зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ситлай компани ньНарны гүүр, Нарны зам, Оюу толгойн аэропдром зэрэг бүтээн байгуулалтуудыг  барьж байсан туршлагатай юм байна.

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны хуучин уулзвар хүртэлх 14 метрийн өргөнтэй 4 эгнээ 2 талаар гэрэлтүүлэгтэй  4.6 км авто замын ажил дуусаад, тохижилтын ажил хийгдэж байна. Энэхүү замд хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь айл чөлөөлөлт байсан ч газрын алба  ажлаа сайн гүйцэтгэсэн гэдгийн хариуцагч компаниуд хэлж байлаа. Тус замын ажлыг "Экспресс зам" ХХК гүйцэтгэж байгаа юм.

 Нийслэлийн Засаг дарга  “Улаанбаатар хот өмнө нь 5 жил хийдэг байсан урт замыг хоёр жилийн дотор хийж, зам тавилтын хурд 2,5 дахин өслөө.Замыг ажил ашиг сонирхолын зөрчилгүйгээр явж байгаа болохоор бие биенээ шахаж шаардаж, хариуцлага нэхэж  байна. Тийм ч учраас замын ажлын бүтээмж, хурд өсч байна.Замын чанар маш их  дээшилсэн. Цаашид чанартай зам хийх санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэж чадвал манай замчид ажлаа сэтгэлээсээсайн гүйцэтгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш