logo
Бизнэс эрхлэгчид 353.7 тэрбум төгрөгний татвары өртэй

Бизнэс эрхлэгчид 353.7 тэрбум төгрөгний татвары өртэй

2014/10/13
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт олон нийтэд бий болсон. Үүнээс үүдэн энэ оны улсын төсөвт төлөх татварын өр 10 дугаар сарын тавны байдлаар 353.7 тэрбум төгрөгт хүрсний 194.2 тэрбум нь барагдуулах боломжтой өр байгаа аж.
Иймд татварын өр барагдуулах чиглэлээр 2014 он дуустал зорилтот ажил зохион байгуулах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өглөө.
 
Юуны түрүүнд, Засгийн газраас өргөн барьсан хуулийн бодлого, зохицуулалтыг тайлбарлаж, хуулийн төслийн хүрээнд ногдуулсан татварын өрийг энэ хуулиар чөлөөлөхгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг Татварын ерөнхий газарт анхаарууллаа. “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлд хуулийн дагуу ногдуулсан аливаа татварын өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудал тусгагдаагүй юм.
 
Аж ахуйн нэгжүүд харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын өрийг бусад татвар төлөгчид төсвөөс олгох татаас, санхүүжилт, шилжүүлэгт суутгах замаар татварын өрийн зангилааг тайлах боломжтой. Энэ нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж үзээд, үүнд чиглэсэн ажил зохион байгуулахыг Сангийн яаманд даалгалаа. Түүнчлэн, татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтарсан аянаар хуримтлагдсан өрийг богино хугацаанд барагдуулах боломжтойг зөвлөлөө. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 94.4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcнээс 53.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.
 
Цаашид өр барагдуулах чиг үүргийг хариуцсан нэгжийг оновчтой зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд дүгнэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш