logo
Айлуудыг хааш нь нүүлгэхээ шийдээгүй гэнэ

Айлуудыг хааш нь нүүлгэхээ шийдээгүй гэнэ

2011/09/19
Нийслэлийн утааг бууруулж, агаарын бохирдолын хэмжээг багасгах тал дээр нэлээд сонирхолтой арга хэмжээнүүдийг  авахаар төлөвлөөд байгаа тухай мэдээлэл чих дэлсэх боллоо. Би хувьдаа гайхаад байгаа юм.  Жишээ нь, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргийнхээ гэр хорооллын айл өрхүүдэд түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрийг гаргаж. Нүүрс түлж, агаар бохирдуулсан айлуудад гурван удаа сануулга өгөх гэнэ. Цаашлаад үгэнд нь орохгүй бол хашаанаас нь нүүлгэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа ажээ. Хамгийн сонирхолтой нь хороо бүрт утааны байцаагч буюу ажлын хэсгийн ахлагчийг томилон ажиллуулж байгаа аж. Тиймээс тушаал зөрчсөн айл өрхүүдийг хааш нь нүүлгэн шилжүүлэх талаар сурвалжилсан юм. Миний хамгийн ихээр сонирхож байгаа асуулт бол “Утааны байцаагч нар айлуудын нүүрс түлж байгааг яаж мэдэх вэ. Иргэдэд тухайн байцаагч яаж сануулга өгөх юм бол” зэрэг байсан юм. Ингээд “Утааны байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байгаа ч юм бил үү” гэсэн бодол тээсээр нийслэлийн Агаарын чанарын албыг зорьсон юм.

Агаарын чанарын албаны Цахилгаан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цолмонгоос дараах асуултад хариулт авлаа.
-Нийслэлийн хэмжээнд хэдэн дүүрэгт утааны байцаагч  ажиллахаар болов? Тэд  айлуудын нүүрс түлж байгааг яаж мэдэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын бүсэд орших нийт 50 хороо байдаг. Энэ хороодод 484 хэсгийн ахлагч томилсон байгаа.  Нэг хэсгийн ахлагчид 20-30 айл оногдож байгаа. Тийм учраас хэн юу түлж байгаа нь сайн мэдэгдэнэ гэж үзэж байгаа юм.
-Байцаагч нарыг хэдэн төгрөгөөр цалинжуулж байгаа вэ?
-Халаалтын найман сарын хугацаанд сард 50 мянган төгрөгөөр цалинжуулахаар төсөвлөсөн байгаа. Нийт 400 мянган төгрөг олгоно гэсэн үг. Санхүүжилтийг “Мянганы сорилтын сан”-ийн “Цэвэр агаар төсөл”-өөс гаргаж байгаа юм гэж тэр ярив.
Түүнчлэн энэ арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа учраас нийт айл өрхүүдэд сануулга өгч, тодорхой хэмжээний торгууль ногдуулах аж. Харин үгэнд ороогүй иргэдийг эзэмшлийнх нь газраас хөөх ажлыг  нийслэлийн Мэргэжлийн хянал¬тын газрынхан хариуцан авчээ. Сонирхолтой нь айлуудыг хаашаа нүүлгэх нь одоо ч тодорхойгүй байгаа аж. “Танайх эндээс нүү. Хаашаа нүүхээ өөрсдөө мэд” гэх бололтой юм. Үүнээс гадна өөр нэг сонир¬холтой мэдээлэл нь утаагүй зуух нийлүүлэх ажил. Энэхүү ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд зуух авсан айл өрхүүдийн хуучин зуухыг нь хураан авахаар төлөвлөөд байгаа билээ. Иргэдтэй уулзахад энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа хэлж байсан. Учир нь монголчууд эрт дээр үеэс эхлэн гал голомтоо дээдэлж ирсэн. Тийм ч учраас зуухаа хураалгахгүй гэсэн бодолтой байгаа ажээ. Гэхдээ нэг зүйлийг онцлоход иргэд нүүрс түлсэн айлуудыг нүүлгэхээр болсныг сайн мэдэхгүй байгаа юм билээ. Айлын хуучин зуухыг хурааж авч яах гэж байгааг нь албаны хүнээс тодруулсан. Ямартай ч “Мянганы сорилтын сан”, “Хас” банктай хамтран утаагүй зуухыг Турк улсаас оруулж ирсэн. Түүнийгээ иргэдэд нийлүүлээд, оронд нь хуучин зуухыг нь устгалд оруулах арга хэмжээ авч байгаа юм байна.
Дараа нь нийслэлийн Баянгол дүүргийг зорьсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд долоон хорооны 11 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдардаг. Айлууд цаг агаар хүйтэрсний улмаас галаа түлээд эхэлчихэж. Тиймээс утаа хариуцсан байцаагч буюу ажлын хэсгийн ахлагчид  ч хэдийнэ ажилдаа орсон ажээ. Энэ талаар Баянгол дүүргийн ЗДТГ-ын  Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн албаны мэргэжилтэн Б.Батбаяраас тодрууллаа.
-Баянгол дүүрэг хязгаарлалтын гол бүс болсон. Түүхий  нүүрс удаа дараа түлсэн айлуудыг хаашаа нүүлгэхээ шийдсэн үү?
-Манай дүүрэг утааг бууруулж, агаарын бохирдол багасгах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс түүхий нүүрс түлж буй айл өрх болон түүхий нүүрс борлуулж байгаа хүмүүсийг торгох арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ хааш нь нүүлгэхээ бол шийдээгүй.
-Иргэдийг боловсруулсан нүүрс, түлшээр бүрэн хангаж чадах юм уу?
-Боловсруулсан нүүрс нийлүүлэх тал дээр ажиллаж байгаа. Коксжуулсан нүүрс, үртсэн нүүрс зэргийг борлуулах юм. Коксжсон нүүрсний хувьд түүхий нүүрснээс илчлэг дулаан хадгалах чанараараа илүү. Тийм болохоор нэг өрхөд гурван  тонн нүүрс ноогдохоор тооцоолж байгаа.
-Одоогоор сануулга авсан айл байна уу?
-Бидэнд мэдэгдсэн юм бол алга байгаа.
-Иргэдийн хувьд энэ тал дээр ямархуу байр суурьтай байгаа бол?
-Эсэргүүцсэн зүйл  бол байхгүй байгаа. “Боловсруулсан нүүрсээр хангаад өгвөл болохгүй юм байхгүй” гэж байсан.

Б.Жаргал  "Улс төрийн тойм" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш