УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 51 хувийг Монгол, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байсан. ОХУ-ын Засгийн газар эзэмшлийн хувьцаагаа “Ростехнологи” корпорацид шилжүүлсэн байна.
Хоёр улсын хамтарсан хэлэлцээрт үүнтэй холбоотой өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.
Оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн учир ногдол ашгийг ОХУ-ын Засгийн газар шилжүүлж байсан бол 2013 оноос эхлэн “Ростехнологи” корпорацийн данс руу шилжүүлэх асуудлыг УИХ-аар шийдвэрлэх гэж буй юм. Өөрийн эзэмшлийн хувьцаагаа хэнд шилжүүлэх нь хувьцаа эзэмшигчийн эрх учир энэ асуудлыг хууль тогтоогчид дэмжээд явуулах хэрэгтэй гэж тус байнгын хорооны гишүүд үзэж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.
Оросын тал хувьцаа эзэмшигчээ өөрчилснөөс хойш хоёр жил болсон бөгөөд Монголын талаас хамаарах энэ асуудал шийдэгдээгүй учир хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг шилжүүлээгүй байсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа тус үйлдвэрийн Оросын талын хариуцах байгууллага өөрчлөгдсөнийг сануулаад, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
“Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр хоёр орны 2003 онд байгуулсан хэлэлцээр өөрчлөгдөхгүй, үйлдвэрийн Оросын талын удирдлагууд солигдож магадгүй” гэж тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын дарга З.Энхболд тайлбарлав.