logo
Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцоно

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцоно

2014/10/20

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг БНХАУ-ын дарга Си Зинпинь дэвшүүлсэн бөгөөд  бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зохистой хуваарилах, бүс нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Манай улсыг тус банкинд үүсгэн байгуулагчаар оролцох саналыг  БНХАУ-ын Засгийн газар тавьсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг банкинд үүсгэн байгуулагчаар оролцохыг Сангийн яаманд үүрэг болгосон юм. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж аравдугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүд гарын үсэг зурснаар банк байгуулах гэрээний ажилд орох юм. 2015 оны эцэст Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ банк байгуулагдсанаар  дэд бүтэц болон бусад үр ашигтай салбаруудад  хөрөнгө оруулалт шаардагдаж буй манай улсын хувьд шинэ санхүүжилтийн нэг эх үүсвэр нэмэгдэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш