logo
Audi хурдны рекорд тогтоосноо мэдэгдлээ

Audi хурдны рекорд тогтоосноо мэдэгдлээ

2014/10/22
Автомат жолоодлоготой автомашины хурдны рекордыг шинэчлэн тогтоосон гэж Audi мэдэгдлээ. Германы автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр RS7 хэмээх загвар нь Франкфуртын өмнөд хэсэгт орших тойруулга дээр жолоочгүйгээр 240 км цаг хурдалсан бөгөөд уралдааны тойргийг ердөө 2 минут гаруй хугацаанд тойрсон байна. Мөн харьцуулах зорилгоор жолооч тус автомашиныг унаж тойрсон ч таван секундээр хоцорчээ. Audi-ийн судалгааны багийн гишүүн доктор Хорст Глазер шинэ технологийн ашиг тусыг олон нийт хүртэх цаг ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ирээдүйд автозамын ослын тоог бууруулах боломжтой гэж хэлсэн байна.
 
Audi-ийн инженерүүд туршилт хийхээсээ өмнө RS7 автомашинд камер, лазер сканнер, GPS байршлын мэдээлэл, радио дамжуулагч, радар мэдрэгч зэргийг суулгасан аж. Германы өөр нэг автомашин үйлдвэрлэгч Mercedes саяхан S-class-ийн компьютер удирдлагатай загварыг танилцуулсан юм. Мөн Daimler, Volvo, Toyota, Tesla, BMW зэрэг автомашин үйлдвэрлэгчдээс гадна Google, Panasonic, Autolive зэрэг технологийн компаниуд ч автомат жолоодлоготой автомашины технологийг хөгжүүлэхээр туршилт судалгаа хийж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш