logo
Эбола вирусын талаар мэдээлэл сонсов

Эбола вирусын талаар мэдээлэл сонсов

2014/10/23

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг сонсов.

Мэдээллийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Эрдэнэбилэгт нар хийлээ. Эбола вирус нь ахуйн хавьтлын замаар, гэмтсэн арьс салст, хүний бүх төрлийн шүүрэл хөхний сүү, цус, шүлс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн, бохирдсон орчны эд зүйлс, нас барсан хүний цогцост хүрэх, бэлгийн замаар болон  өвчлөөд эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 70 хүртэл хоногоор хадгалагддаг байна. Харин биеийн бусад шингэнд хадгалагддаг эсэх талаар мэдээлэл хомс байгаа аж. Өвчний шинж тэмдгийн нууц үе нь 2-21 хоног байдаг бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болох, бөөлжих, суулгах, цусархаг тууралт гарах, цусны бүлэгнэлт алдагдаж, олон эрхтэн тогтолцооны дутагдалд ордог ажээ. ДЭМБ-аас өвчлөлийн өнөөгийн байдлын талаар гаргасан судалгаанд 9284 тохиолдол байгаагаас 4604 нас баралт байгаа бөгөөд өргөн тархалттай Гвиней, Сьерро-Леон, Либери улсууд бүртгэгдээд байна. Цөөн тохиолдол бүртгэгдсэн, хэсэг газрын тархалттай Нигери, Сенегал, халдвар зөвшөөрөгдсөн АНУ, Испани, тусдаа дэгдэлт Конго улс. Эбола вирусыг ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарлажээ.

Эрүүл мэндийн яамнаас шуурхай удирдлагын төв байгуулан ажиллаж, тандалт, оношлогоо, эмчилгээний зааврыг сайдын тушаалаар гаргаж, гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө гаргасан байна. Түүнчлэн энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, дөрвөн төрлийн гарын авлага, санамж брошур, зурагт хуудас, зорчигчдөд зориулсан зөвлөмж гаргасан гэлээ. ХӨСҮТ шуурхай арга хэмжээний дөрвөн баг гарган ажиллаж байгаа бөгөөд бэлэн байдлын нөөц бүрдүүлэх 477 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж өгчээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө болон халдвараас урьдчилан сэргийлэх хяналт тавих, хариу арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв. Энэ хүрээнд зорчигчдод эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэх зурагт хуудас тарааж байна. Мөн хилийн нэвтрэх цэг дээр зорчигчдын халууныг хэмжих термо камерын хэвийн ажиллагааг долоо хоног тутам хянаж, мэргэжлийн байгууллагаар баталгаажилт хийлгэж байгаа аж. Түүнчлэн хил нэвтэрсэн зорчигчийн мэдээг өдөр бүр авч, нэгтгэн ХӨСҮТ, Эрүүл мэндийн яаманд мэдээлж буйгаас гадна хил дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хлор агуулсан нэгдэл бүхий ариутгалын бодисоор автомакс, туулуулах аргаар хийж байгаа гэлээ. Голомттой болон эрсдэлтэй бүс болох Нигер, Зимбабве, ӨАБНУ-ын гадаадын 14, Бүгд Найрамдах Конго улсаас ирсэн монголын 12 нийт 26 иргэнийг эрүүл мэндийн хяналтанд хамруулж, асуумж, судалгаа авч, ХӨСҮТ-д мэдэгдэж хилээр нэвтрүүлжээ. Мөн Нигер Улсын 3 иргэнийг Иргэний харьяаллын шилжилт хөдөлгөөний албаны шийдвэрээр хилээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авсан байна. Цаашид зорчигчдод зориулан ДЭМБ-ын зөвлөмж, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн эрх зүйн актыг ашиглан санамж, гарын авлага бэлтгэх, тараах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, Хилийн 26 боомтод зорчигчийн халуун хэмжих 26 термокамерийг байршуулах шаардлагатай байгааг хэлсэн. Мөн хил дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийх ариутгалын бодис, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, авто замын 18 боомтод автомат функт байгуулах, Буянт-Ухаа нисэх буудалд уураар ариутгах фумигатор /халдваргүйтгэлийн багаж/ болон хөл ариутгалын хивсэнцэрээр хангах шаардлагатай байгааг дуулгалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш