2014 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад Эбола вируст халдвараар өвчилсөн нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан байна. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 5 хоногт 717 хүн шинээр өвчилж, нас баралт 322 тохиолдлоор нэмэгдсэн байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.
Монгол улсад Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
• Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг 08 дугаар сард гаргуулсан бөгөөд үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар өвчний тандалт болон хариу арга хэмжээний заавар гаргав.
• Засгийн газрын аравдугаар сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна.
• Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг аравдугаар сард байгуулав.
• ЭМЯ-наас хүсэлт гаргасны дагуу ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийг оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна.
• ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 орыг бэлтгэв.
• 8 удаагийн сургалт, 5 төрлийн сэрэмжлүүлэг, сануулга, 4 төрлийн гарын авлага, санамж, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган хүн амыг мэдээллээр хангаж байна.
Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын анхааралд:
Эбола вируст халдварын тархалтын асуудал дэлхий дахины анхаарлын төвд байгаа сүүлийн саруудад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус халдварын талаар албан бус, батлагдаагүй, ташаа (“Бээжингийн нисэх онгоцны буудал халдвар тархах эрсдэл 97% байна”, “Эбола вируст халдварыг тамхиар эмчилж болно”, “ОХУ-д өвчин тархаж, хил хаасан” гэх мэт) мэдээлэл ихээр цацагдах боллоо.
Эдгээр мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж байгаа тул ДЭМБ-аас баталгаажсан хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээ, мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn цахим хуудаснаас өдөр бүр авч байхыг мэдэгдье.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв