logo
Галч нарыг мэргэшүүлж эхэллээ

Галч нарыг мэргэшүүлж эхэллээ

2014/10/24

Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардагдах тул жил бүр үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд, нийслэлийн 113-р сургууль, 124-р цэцэрлэг, ЧД-ийн 10-р хорооны байр, 100 айл дахь орон сууцны барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбосон. Мөн 39-р сургуулийг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна.

Бохирдол ихээр гаргаж байгаа, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан зуухуудыг ийнхүү эхний ээлжинд буулгахын зэрэгцээ Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилж эхлээд байна. Халаалтын зуухуудад ажиллагааны горим стандарт мөрдүүлэх зорилготой энэ ажлын хүрээнд мөн халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн хамтран энэ сургалтыг энэ оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг дуустал сарын хугацаанд цувралаар зохион байгуулж, Улаанбаатар хотын бүх халаалтын зуухны галч нарыг хамруулна.

Хуучирсан технологитой уурын зуухуудыг зөв галлах нь агаарт ялгарах хорт бодисыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой. Гэтэл ихэнх байгууллагын галч нар орон нутгаас шилжиж ирсэн, мэргэжил боловсрол багатай иргэд байгаа тул ур чадвар, мэдлэг дутмаг байна. Иймд сургалтаар усан халаалтын зуухны тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, ажиллагаа, галлах аргачлал зэргийг онол, практик хослуулан зааж тайлбарлана. Тухайлбал, усан халаалтын зуухыг ямар горимоор ажиллуулбал нүүрсний механик болон химийн дутуу шаталт багасан ашигт үйлийн коэффициент дээшилдэг, шаталтаас агаар бохирдуулагч ямар нэгдлүүд ялгардаг, аюулгүйн ямар дүрэм мөрдөж ажилладаг зэрэг эрчим хүчний байгууллагуудад ажиллагсдын эзэмших ёстой анхан шатны мэдлэг олгоно.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нар, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн мэргэшсэн инженер техникийн ажилтнууд хичээл зааж, суралцагсдыг сурах бичиг, гарын авлагаар хангаж байна. Нэг удаагийн сургалт 3 хоногийн хугацаанд үргэлжилж, төгсөгчдөд сертификат олгоно.

Эхний сургалтад нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар болон бусад газрын халаалтын зуухны галч оператор, механик, диспетчер инженерүүдээс бүрдсэн 70 гаруй хүн хамрагдсан бол хоёр дахь ээлжинд сургууль, цэцэрлэг, хорооны байруудын галч, операторууд оролцож байна. Дараагийн сургалтуудад галч, оператор, инженерүүдээ бүрэн хамруулахыг нийслэл дэх халаалтын зуух эзэмшигч, ашиглагч иргэд, байгууллагуудад анхааруулж байна гэж Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш