Бүгд Найрамдах Турк Улсын Гази их сургуульд 2014 оны аравдугаар сарын 24-нд Турк-Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болов. Хурлыг тус сургуулийн ректор, доктор, профессор Сулейман Буюукбербер, Турк судлалын төвийн захирал, доктор, профессор Хулиа Касаролу Ченгел нар нээж, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, дэд профессор Б.Батхишиг Монгол, Туркийн харилцааны хөгжлийн талаар дэлгэрэнгүй үг хэлэв.
Үдээс өмнөх хуралдаанд доктор, профессор Тунжер Гүленсой “Турк, Монгол хэлний харилцаа, хамаарал”, доктор, профессор Айше Гүл Серткаяа “Монгол зоос”, доктор, доцент Бүлент Гүл “Монгол хэлний тархалт, хэл зүйн өөрчлөлт” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хуралд нийтдээ 11 илтгэл тавигдсан юм.
Сүүлийн жилүүдэд Туркт монгол судлалд ихээхэн анхаарал тавих болсон бөгөөд 2014 оны эхээр Анкара хот дахь Хажетепе их сургуульд Монгол судлалын төв байгуулагдсан билээ.
Монгол судлалын асуудлаарх эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж буй Гази их сургууль 80 мянган оюутантай бөгөөд эдүгээ тус сургуульд Монголын 24 оюутан суралцаж байна.
Хурлын завсарлагаанаар элчин сайд Б.Батхишиг Гази их сургуулийн ректор С.Буюукбербертэй уулзаж, тус сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар ярилцав.