Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчид Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, дэмжих асуудлаарх НҮБ-ын тусгай элч Дэвид Кайе-тэй Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзалт-ярилцлага хийв.
Онлайн эрх чөлөө эвслийн 2013-2014 оны даргын хувьд Монгол Улс санаачилж тус эвслийн өмнөх дарга Эстони Улстай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, экспертүүд идэвхтэй оролцов.
Хүний эрхийн асуудал цахим ертөнц рүү өргөжсөн өндөр технологийн энэ эрин үед санаа нэгт орнууд нэгдэж эвсэл байгуулан эрх ашгаа хамгаалах яриа хэлэлцээ өрнүүлж байгааг Тусгай илтгэгч Дэвид Кайе сайшаагаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэлийнхээ дүгнэлт саналаас хуваалцав.
Тухайлбал, интернет орчинд зохицуулалт хэрэгтэй, төр засгийн бус холбогдох талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, интернет орчинд хүний нууц ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийг сахин хамгаалах нь чухал байгааг цохон тэмдэглэж байлаа.
Мөн уулзалт-ярилцлагын үеэр Эстони Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Маргус Колга өнгөрсөн онд болсон Онлайн эрх чөлөө эвслийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Таллины төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлсан бол Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уулзалт-ярилцлагыг удирдан явуулахын зэрэгцээ Онлайн эрх чөлөө эвслийн даргын хувьд манай улсаас төлөвлөн хэрэгжүүлж буй ажлууд, 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох эвслийн тавдугаар хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа.
Онлайн эрх чөлөө эвслийн гишүүд цаашид Тусгай илтгэгчтэй нягт холбоотой ажиллахаар тохирсон ба эвслийн тавдугаар бага хурал болон холбогдох бусад яриа хэлэлцүүлэгт оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.