Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг болон тус бүлгийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хүчирхийллийн эсрэг төвд байрлаж байгаа хохирогч эмэгтэйчүүдтэй өнөөдөр /2014.10.27/ Төрийн ордонд уулзав. Хохирогчид хүүхдүүдээ дагуулан ирсэн бөгөөд мөн хүчирхийлэлд өртсөн 13 настай охин хамт ирсэн байна. Эдгээр эмэгтэйчүүд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж 5-17 жилийн туршид нөхрийнхөө байнгын дарамтанд амьдарч, сэтгэл санааны болон бие махбодийн хувьд хохирол амссан эхчүүд бөгөөд хуулийн байгууллагад хандан хамгаалуулах хүсэлт гаргаснаар тус төвд түр байрлаж байгаа аж.
Тэдний хувьд тулгамдаж буй гол асуудал нь шүүхээр гэр бүл салалтаа шийдүүлсний дараа энэ төвөөс гараад очих газаргүй, санхүүгийн боломжгүй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хамруулах бололцоо байхгүйн зэрэгцээ байнгын зодуураас болж ясны хугаралттай, чихний хэнгэрэг цоорхой, хамар, нүдний яс цууралттай гэсэн оноштой байгаа тухайгаа хэлж байлаа.
Мөн 13 настай охин хоёр жилийн турш хойд эцгийнхээ байнгын бэлгийн дарамтад байснаас гэрээсээ зугатан цагдаад хандсанаар энэ төвд ирсэн тухайгаа ярьж, байцаагч нар асуудлыг шийдэхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлэв. Түүнчлэн нэг хохирогч эмэгтэйг яаралтай зүрхний мэс засалд орох шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан ч хиймэл хавхлага худалдан авах 7 сая төгрөгийн санхүүгийн боломжгүйн улмаас өвчин нь хүндэрч амь насанд нь халтай болсон гэлээ.
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн гишүүд ирэх долоо хоногт Хууль зүйн яам болон Цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хамгаалах байрны удирдлагуудтай уулзаж, энэ мэт хүндрэлтэй асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар тогтлоо.