Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Миланы гэрэл зургийн тусгал, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын буланг нээж үг хэлэв.
Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ сарын 23-наас 26-ны өдөр зохион байгуулагдсан Сингапурын Олон Улсын гэрэл зургийн 4 дүгээр наадам, “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014”-т анх удаа Монголын булан нээгдсэн бөгөөд уг буланд Монголын тал нутгаар морин аялал хийхдээ буулгасан Австрали Улсын гэрэл зурагчин Сили Брандтын шилдэг бүтээлүүд тавигдсан юм.
Фабио Кастелли гэрэл зургийн үе үеийн хувьсгал, гэрэл зургийн илэрхийлэл, түүнийг орчин үеийн урлагийн бүтээл болохыг олон нийтэд таниулах зорилгоор 2011 онд анх Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байсан байна.
Энэ жил тус үзэсгэлэн худалдаа Сингапурын алдарт Marina Bay Sands-ын 3500 хавтгай дөрвөлжин метр талбайд Сингапурын Олон Улсын гэрэл зургийн 4 дүгээр наадмын хамт нээгдэж байгаа бөгөөд 25,000 хүн үзэж сонирхохоор бүртгэгдсэн байгаа аж.